АНУ-ын Сангийн яам 1 центын зоос үйлдвэрлэхээ зогсоохоор болов


Ирэх жилээс АНУ-д “пенни” буюу 1 центын зоосны үйлдвэрлэлийг зогсоохоор болсныг тус улсын Сангийн департамент мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 2-р сард Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессентэд “Хий дэмий төсөв, мөнгө үрсэн бутархай зоосны үйлдвэрлэлийг зогсоо” хэмээн хэлж байсан юм.

Ийнхүү 200 гаруй жилийн туршид АНУ-ын дотоод төлбөр тооцоонд ашиглаж ирсэн 1 центын зоосыг үйлдвэрлэхээ больж, цаашлаад хэрэглээнээс хасах эхлэл тавигдаж байна. 1 центын зоос үйлдвэрлэхэд их хэмжээний төсөв зарцуулдгаас гадна уг зоосны хэрэглээ багассан нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.

Сүүлийн 10 жилийн дотор 1 центын 1 ширхэг зоосыг үйлдвэрлэх өртөг нь 1.3 центээс 3.69 цент болж өссөн бөгөөд зоосны үйлдвэрлэлийг зогсоосноор жилд 56 сая ам.доллар хэмнэх болно гэж АНУ-ын Сангийн департамент мэдэгджээ.

Харин 1 центын зоосыг үйлдвэрлэхээ больсноор бизнес, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханшийг тогтоохдоо 5, 10 центээр тооцоо хийх боломжтой болгож тэгшигтэх, үнээ буулгах, эсвэл өсгөх шаардлага үүсэх юм.

Хамгийн анх 1793 онд 1 центын зоосыг үйлдвэрлэсэн түүхтэй ажээ. Бусад улс ч бутархай зоосны үйлдвэрлэлийг халсан туршлага байдаг. Жишээ нь Канад улс 2012 онд 1 цент, 2024 оноос Их Британи улс 1 пеннигийн зоос үйлдвэрлэхээ зогсоосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *