ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болсон байна. Литва улсын хувьд ОХУ-ын Калининград муж болон ОХУ-ын түнш холбоотон Беларусь улстай хиллэдэг.
ОХУ-ын Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны хариуд авч хэрэгжүүлж буй Литва улсын энэхүү арга хэмжээ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман улс хилийн чанадад дангаараа байнгын цэрэг байршуулж буй анхны тохиолдол болж байна.

Германы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Литва улсад байршуулахтай холбогдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээ пүрэв гарагт Литвийн нийслэл Вильнюс хотноо зохиогдож, тус арга хэмжээнд ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц оролцжээ.
Ёслолын арга хэмжээнд Германы 800 орчим цэрэг оролцсон бол тохиролцооны дагуу Литва улсад Германы 5000 орчим цэрэг, Leopard 2 загварын танкууд болон бусад байлдааны зэвсэг техник байрших ажээ.
Фридрих Мерц ёслолын үеэр хэлсэн үгэндээ НАТО Герман улсад найдаж болно гээд, Германы зэвсэгт хүчинг Европын хамгийн хүчирхэг арми болгоход шаардлагатай бүхий л санхүүгийн нөөц бололцоогоор хангах нь Берлины зорилго хэмээн хэлсэн байна. Түүний засаг захиргаа энэ сарын эхээр батлан хамгаалахын салбарын төсвийг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.