БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт зохиогдсон тус улсын шинэ байлдааны усан онгоцыг нээх үеэр гарсан ослыг буруушааж, тухайн ослыг “тэсвэрлэж, уучлашгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэжээ.
Пүрэв гарагт Умард Солонгосын зүүн хэсгийн Чонжин боомт дахь усан онгоцны үйлдвэрт зохион байгуулагдсан, 70 пуужин тээвэрлэх хүчин чадалтай, 5000 тонн жинтэй шинэ байлдааны усан онгоцыг нээх ёслолын арга хэмжээний үеэр тус усан онгоцны ёроол нь зарим хэсгээрээ эвдэрч, тэнцвэргүй болсон талаар тус улсын төрийн цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна. Харин дээрх мэдээнд ослын үеэр хүний амь нас үрэгдсэн болон бэртэж гэмтсэн талаар огт мэдээлээгүй байна.
Өмнө нь Ким Жон Ун уг шинэ байлдааны хөлөг онгоцыг тус улсын тэнгисийн цэргийн хүчинг шинэчлэх “ололт амжилт” хэмээн онцолж, ирэх оны эхээр далайд гаргана хэмээн мэдэгдэж байсан юм.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирж, биечлэн үзсэн Ким Жон Ун ослын дараагаар байлдааны усан онгоцыг ирэх сард зохиогдох эрх баригч намын чуулганаас өмнө засварлаж дуусгахыг үүрэгджээ.
Тэрээр “Умард Солонгос улсын нэр төр, бахархалд сэв суулгасан” энэхүү ослын хариуцлагыг усан онгоцны загвар, зураг төслийг гаргасан хүмүүс үүрэх бөгөөд ирэх сард зохиогдох намын хурлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцох болно гэжээ.