Улсын заан Б.Бат-Өлзий энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртлээ


Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд энэ улиралд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ. Түүнчлэн замналынхаа 32 дахь түрүүг хүртэв.

Тэгвэл улсын арслан Э.Оюунболд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд зургаан жилийн дараа үзүүрлэлээ.

Уг барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Харин наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, начин Б.Даваа-Очир, улсын Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.

Өнөөдөр Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *