Өнгөрсөн бямба гарагийн шөнө Оросын тал Украинд томоохон хэмжээний агаарын цохилт үзүүлсний улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Бямба гарагийн шөнө Украин улсын нутаг дэвсгэрт нийт 367 дрон болон пуужингаар довтолсон нь дайн эхэлснээс хойш ганц шөнийн дотор үзүүлсэн хамгийн том агаарын цохилт болсон байна.
Агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дунд 8, 12, 17 настай нэг айлын 3 хүүхэд багтжээ.
Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдсэнээр бямба гарагт Оросын талаас нийт 298 дрон, 69 далавчит пуужингаар довтолсон ба тэдгээрээс 266 дрон болон 45 далавчит пуужинг буудан унагасан гэжээ.
Украины 13 муж агаарын цохилтод өртөж, 60 гаруй хүн бэртэж гэмтэн, 80 орчим орон сууцны барилга эвдэрч сүйдэн, 27 гал түймэр бүртгэгдсэн талаар тус улсын дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдэгджээ.
Мөн Оросын дрон болон пуужин Украины 30 гаруй хотуудад аврах ажиллагаа явагдсан талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн байна.
В.Зеленский мэдэгдэлдээ Оросын сүүлийн үед явуулж буй довтолгооны талаар АНУ “дуугүй, чимээгүй” байснаараа Путиныг улам хөхүүлэн дэмжиж, зоригжуулж байна хэмээн буруутгалаа. Тэрээр “амралтын улирал ирж, дэлхий нийтээрээ амарч зугаалж байж болох ч энд дайн үргэлжилсэн хэвээрээ байгаа, Оросын харгислалыг Путинд хүчтэй дарамт, шахалт үзүүлэхгүйгээр зогсоох боломжгүй” хэлсэн байна.
Үүний дараагаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ням гарагийн сүүлээр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Би Путины хийж буй үйлдлийг таагүй хүлээж авч байгаа. Түүний юу нь болохгүй байгааг би мэдэхгүй байна. Түүнд ямар гээч зүйл тохиолдсон юм бол? Тэр олон хүнийг хороож байна” хэмээн хэлжээ. Трампыг ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг асуултанд тэрээр хариулахаас татгалзсан байна.
Харин ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс бямба гарагийн цохилтын талаар мэдээлэхдээ цэргийн нисэх онгоцны буудлууд, зэвсгийн агуулахууд болон цахилгаан зэвсгийн үйлдвэрлэл гэх зэрэг Украины нийт 142 байршилд амжилттай цохилт үзүүлснийг онцолжээ.