МАН сайдын марафоноо өндөрлөж гишүүдийг хууль батлах ажилд нь оролцуулмаар байна


Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгнө гэдэг мэдээлэл цацагдаад 5 хоног өнгөрлөө. Гэвч засгийн газрын тэргүүн олон нийтийн өмнө үзэгдэх нь битгий хэл чуулганы хуралдаанд ч хамраа цухуйлгахаа болив. Төрийн ордноор дараагийн засгийн газрын сайд нарын марафон эхэлж МАН-д нөлөө бүхий дарга нарын өрөө хөл ихтэй бужигнасан өдрүүд үргэлжилж байна.

126 гишүүнтэй парламентын ирц өндөр буюу 113 гишүүний ирцтэй бүртгэгдэж байгаа ч чуулганы хуралдаанд оролцогчдын тоо 10 хуруунд багтахаар цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байгаа юм. Чуулганы танхимд орж ирцээ бүртгүүлчхээд сайдын марафондоо төрийн ордон дотор өрсөлдсөөр гишүүд завгүй байна. Тэр дундаа ийш тийшээ томилолтоор явж чөлөө аваагүй ирцээ өглөө эртлэн бүртгүүлсэн МАН-ын гишүүд чуулганы хэлэлцүүлэгт бараг суусангүй.

 Харамсалтай нь чуулганы хоосон танхимын зураг дүрсийг олон нийтэд харуулах эрхийг сэтгүүлчдээс хураасан учраас ажлаа хийхгүй сайдын марафонд гүйгсдийн хоосон ширээний зураг видеог авах бололцоо сэтгүүлчдэд байхгүй билээ.

Гэтэл УИХ-ын чуулганаар онц чухал асуудлууд хэлэлцүүлэггүй шахам батлагдсаар явна. Өнгөрсөн пүрэв, баасан гаригуудад  цусны донорын тухай, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүд хэлэлцүүлэггүй шахам чуулганы босгоор давж өнөөдөр бараг л хууль санаачлагчаас өөр гишүүний санаа бодлыг тусгалгүйгээр батлагдах шат руугаа дөхөж байна. Ингэж батлагдсан эд эс эрхтэн шилжүүлэх тухай хууль, донорын тухай хуулиуд ээдрээтэй харилцаа нөхцөл байдлыг зохицуулж чадах эсэх нь эргэлзээтэй асуудал болон үлдэж байгаа нь харамсалтай.

Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг монгол улсын төсөв санхүүтэй шууд холбогдох хууль тогтоомжууд ч үндсэндээ хэлэлцүүлэггүйгээр байнгын хорооны чуулганы 6 шатны дамжлагыг дамжиж энэ 7 хоногт батлагдах хуваарьт багтжээ.

Ирэх жилийнхээ төсөв санхүүгээ ч хэлэлцэх сөхөөгүй байгаа МАН-ын гишүүд “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын жишээг бодитоор үзүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт МАН-ын бага хурлыг даваа гаригт ахин хуралдуулна гэдэг мэдээлэл яригдаж байсан ч өнөөдөр гишүүдийн яриа тохироо учраа олоогүйтэй холбоотой юу? бага хурлаа хуралдуулсангүй.

Огцорно гэдэг сүрдүүлэг өгчхөөд хэлсэн амандаа хүрч чадахгүй унжиж байгаа Ерөнхий сайд ч өөрөө хүн хүнтэй уулзаж үлдэх аргаа олж ядан суугаа сураг төрийн ордноор дуулдаж байна. Гэвч МАН бага хурлын шийдвэрийг дарга өөрчилдөг дүрэм байхгүй учраас Л.Оюун-Эрдэнийн засгийн газар үлдэх найдвар байхгүй. Тиймээс сандал суудлын марафоноо түргэвчилж улс орны хэт ирээдүйд хэрэгтэй олон чухал хуулийн төслүүдээ батлахад анхаарахад МАН анхаарч гишүүдээ ажлыг нь хийлгэмээр байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *