Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд нэг настай хүүхэд менингококкт халдвараар өвдсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал сайжирч, аймгийн эмнэлгээс гарсан гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар аймагт 2025 оны тавдугаар сарын 6-ны 21:00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нэг хүүхэд энэ халдвараар өвдөж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэдгийг эмч нар мэдээлсэн. Нийслэлийн Чингилтэй дүүргээс дөрвөн настай хүүхэд менингококк халдвараар өвдөж, өнгөрсөн долоо хоногт /2025.05.22/ батлагдсан юм.
Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байгаа юм.