Г.Алтжин: Эрүүл мэндийн яам амь насны заалттай өвчинтэй иргэдээ үхэл рүү түлхэж байна


Дэлхийн 8 тэрбум хүний 850 сая гаруй нь бөөрний ямар нэг өвчтэй. Эдгээрээс 6 сая гаруй нь бөөр орлох эмчилгээнд орж байгаа гэсэн тоо баримт байдаг. Харин Монгол улсад энэ оны байдлаар диализын эмчилгээг байнгын хийлгэдэг 2980 хүн бий. Эдгээрийн 695 хүн бөөрний донор хүлээх жагсаалтад байгаа юм.

    Бөөрний архаг дутагдалтай хүмүүс 7 хоногт 3 удаа гемодиализын аппаратад орж байж амьдрах боломжтой болдог. Ингэж өвчинтэйгөө тэмцэж, амьд үлдэхийн төлөө яваа олон мянган хүмүүсийн нэг нь Г.Алтжин. 24 настай цэл залуухан энэ эмэгтэй анх 2022 онд бөөрний архаг дутагдлаар оношлогджээ. Тэр цагаас хойш 7 хоногт 3 удаа 4 цагаар буюу нийт 12 цагийн гемодиализын эмчилгээнд хамрагдаж байна.

      Гэтэл Эрүүл мэндийн яамнаас диализын тусламж үйлчилгээг “төлөвлөгөөт” бүлэгт оруулжээ. Ингээд түүний эмчлүүлдэг эмнэлгийн санхүүжилт буурснаар долоо хоногт 2 удаа диализын аппаратад орох эрсдэл үүссэн байна. Дэлхийн жишгээр долоо хоногт 3 удаагийн гемодиализын эмчилгээ хийлгэж байж амьд үлдэх боломжтой тэдэнд яамны бодлого, шийдвэр иргэдээ бодохгүй үхэл рүү түлхэж байгаад гомдолтой байна.  

   Г.Алтжин: “Долоо хоногт 3 удаа диализын аппаратад орж байж л амьд үлддэг олон мянган хүний нэг нь би. Энэ нь зүгээр нэг эмчилгээ биш харин амьдрах, амьд явах ганц боломж. ДЭМБ-ын стандартаар бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд долоо хоногт 3 удаа гемодиализын эмчилгээ хийлгэж байж амьд үлдэж өдөр бүрийн нарыг хардаг. Гэтэл манай улсын Эрүүл мэндийн яам энэхүү эмчилгээг “тэсвэрлэж болох өвчин” гэж үзэн, даатгалын санхүүжилтийг бууруулсан нь биднийг аажмаар үхэл рүү түлхэж байна” гэв.

Түүний хувьд “Медвик” эмнэлэг дээр диализын аппаратад ордог аж. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн үнэлгээг зогсоож, квот тогтоон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүжилт дээр үндэслэн тусламж, үйлчилгээ явуул гэжээ. Ингээд бүх өвчтөнөө долоо хоногт 3 удаа буюу стандарт хэмжээгээр диализын аппаратад оруулахад 90 хүнийг хасах эрсдэл тулгарсан байна. Тиймээс “Медвик” эмнэлгийн зүгээс бүх хүндээ тусламж үйлчилгээгээ хүргэхийн тулд аппаратад орох тоог багасгах буюу долоо хоногт хоёр удаа оруулж, олгосон санхүүжилтэд нь тааруулъя гэсэн шийдвэрийг гаргажээ.

 Тиймээс амьд явах боломж нь багасаж, Эрүүл мэндийн яам нь ард иргэддээ буруу ойлголт өгч, амь насны заалттай өвчтөнүүддээ ээлгүй шийдвэр гаргаж байгаад тэрээр гомдолтой байна.

Г.Алтжин: “Долоо хоногтоо хоёр удаа орж аппаратад орвол биеийг шүүж, хорт бодисыг гадагшлуулах эмчилгээ бага явагдана. Ингээд бүрэн эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар цусан дахь хорт бодисууд хуримтлагдаж амь насанд эрсдэл учирна. Энэ өвчин амь насны заалттай өвчин. Аппаратад орохгүй, хоолны дэглэм болон бусад эмээр аргаллаа гэхэд ихдээ 14 хоног л болно.

Диализын аппаратад ороод байж байхад миний нүдэн дээр 2-3 хүн амь насаа алдаж байсан.

4 цаг хүний биеийн цусыг хүчээр эргэлдүүлнэ гэдэг нь зүрхийг асар их ачаалуулж байгаа гэсэн үг. Маш олон хүндрэл байдаг” гэсэн юм.

     Тэгвэл ийн амь насны заалттай өвчтэй иргэдэд тулгарч буй уг асуудал дээр ЭМДЕГ-ын дарга С.Энхболд “Диализын тусламж үйлчилгээнд ямар нэгэн квот тогтоогоогүй” гэлээ.

Эрүүл мэндийн даатгалтай тусламж үйлчилгээг оношны бүлгээр нь архаг, төлөвлөгөөт, цочмог гэж хувааж байгаа бөгөөд диализын тусламж үйлчилгээ нь төлөвлөгөөт бүлэгт орсон. Өөрөөр хэлбэл диализын тусламж үйлчилгээнд ямар нэгэн квот тогтоогоогүй. Энэ тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2025 онд хэвийн үзүүлэхээр тавьсан гэсэн тайлбарыг өгөөд байна.

Бөөрний архаг дутагдлын гол эмчилгээ нь донор буюу бөөр шилжүүлэн суулгах байдаг. Г.Алтжингийн хувьд анх эл өвчнөөр оношлогдсоноос эхлээд донорын жагсаалтад бүртгүүлжээ. Ингээд өнөөг хүртэл донор хүлээж, долоо хоногт гурван удаа тогтмол диализын аппаратад орж амьдарч байна.

“Би яах вэ залуу хүн. Хамт аппаратад ордог хөгшин настай хүмүүс авах эмчилгээгээ хийлгэж чадалгүй амь нас нь эрсдэх вий гэж бодохоор маш их уйлдаг.

Хүнд өвчнөөр өдөр бүр амьдрахын төлөө явж байгаа иргэддээ буруу ойлголт өгч, эмч эмнэлгийн ажилтнуудаа шахаж байгаагаа Эрүүл мэндийн яамны удирдлагууд ойлгох хэрэгтэй. Харсаар байж гар дээрээ үхүүл гэдэг сонголтыг хүчээр тулгаж байна. Ийм нөхцөл байдалд ард иргэдээ битгий оруулаач ээ хэмээн Г.Алтжин хүслээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *