Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ олон нийтийн бухимдлыг төрүүлж “огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал болон өргөжөөд 14 хонолоо. Үүнтэй зэрэгцэн ардын намын 6 дугаар бага хурал хамтарсан засгийн газрыг тараах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаар улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй болж хувирсан билээ. Нийгмийн талцал ч хурцдаж, төрийн ордон ажил хийдүүлж хурд авсан улс төрчдөөр дүүрээд байна. Харин өчигдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжчихлээ. Энэ нь Үндсэн хуульд сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 44.1, 44.2 заалтад байгаа агуулга юм.
Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэж , 10 хоногийн дотор шийдэх хуулийн зохицуулалт бий. Тодруулж хэлбэл Л.Оюун-Эрдэнэ явах эсэх нь 126 гишүүнтэй анхны парламентын бүрэн эрхэд шилжиж байна гэсэн үг. Гэхдээ парламентад тогтоолын төслийг оруулж ирэхээс өмнө Үндсэн хуулийн цэцэд тогтоолын төсөл очно. Үндсэн хуулийн цэцийн зүгээс үндсэн хуулийн 44.1-2 заалтыг хэрэгжүүлж болох үндэслэлтэй гэдэг дүгнэлт гаргаж өгсний дараа Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудал парламентаар хэлэлцэгдэх учиртай. Гэхдээ Засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өчигдөртөө багтаан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн барьсан байна.
Тэгвэл үндсэн хуульд ямар үндэслэлээр итгэл хүлээлгэх асуудал яригддаг талаар товч сийрүүлье. Улсын төсвийн болоод бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх боломжийг Ерөнхий сайд их хурлаас хүсэх ёстой гэж Үндсэн хуульд тодорхой дурджээ. Харин Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын үндэслэлээ “Хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх 14 мега төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн тодорхойлсон байгаа юм. Тодруулбал, 14 мега төсөл хэрэгжүүлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэх шаардлагатай гэдэг томьёолол зүтгүүлж байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ 2025 оны зургаадугаар сарын 2-ноос буюу ирэх даваа гарагаас хэлэлцэж эхлэх төлөв байна. Үндсэн хуульд заасны дагуу УИХ Ерөнхий сайдын оруулсан итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг 10 хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх учиртай. Ингэхдээ УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан бөгөөд 126 гишүүний 64 ба түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг дэмжвэл уг тогтоолыг баталсанд тооцно. Тодруулбал парламентын олонх Ерөнхий сайдыг дэмжвэл Ерөнхий сайдын суудлаа тэрээр хадгалж үлдэх бололцоотой гэсэн үг. Хэрэв парламент дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцруулж шинэ Ерөнхий сайд томилох асуудал яригдах юм.
Ямартай ч ирэх 7 хоногт Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудал шийдэгдэхээр болж байна. Ерөнхий сайдыг суудлаа хадгалж үлдэхийн төлөө байдаг чадлаараа тэмцэж байхад МАН-ын бага хурлын шийдвэрт гомдсон АН-ын сайд нар засгаас гарна гэдэг шийдвэртээ бат зогсоно гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Гэхдээ тэд засгийн газраас гарсан ч Л.Оюун-Эрдэнэд гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалдаа үлдэх боломжийг дэмжиж ч магадгүй. Тогтоолын төсөл орж ирсний дараа бүлгээрээ асуудлыг хэлэлцэж Ерөнхий сайдаас асуулга асуух товтой гэнэ. Өнгөрсөн бүр процесс Ерөнхий сайд АН-ын сайд нарын хооронд ямар нэгэн зөрчил байхгүйг харуулсаар ирсэн. Тэгвэл Ерөнхий сайдыг буюу хамтарсан засгийн газрыг тараах сонирхол МАН дотроосоо гарсан байдаг.
Бид 100 жилийн түүхтэй МАН-ын дарга бага хурлынхаа гишүүдээс авч чадаагүй дэмжлэгээ олон намын төлөөлөлтэй парламентаас эрэлхийлж байгаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэсэн улс төрийн явуулга эцэстээ бусад намуудаас эсвэл гудамжнаас биш харин намынх нь өөр нэг лидер Ерөнхийлөгчөөс улбаатай болж таарсан. Төрийн тэргүүний зүгээс Л.Оюун-Эрдэнийг хөтөлж өнөөдрийн байр сууринд хүргэсэн ч гэлээ одоо харин олгосон боломжоо буцаан авах гэж шахалт үзүүлж байна гэх яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөсөөр явна.
МАН-ын бага хурал хуралдаад бүтэн 7 хоног өнгөрч байхад Л.Оюун-Эрдэнэ эцэстээ намынхаа шийдвэрийн эсрэг дэмжлэгийг УИХ-аас хүслээ. Гэхдээ түүнийг огцруулахыг уриалж байгаа “Огцрох амархан” жагсаал үргэлжилсээр байна.