200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” тэмцээнийг зохион байгуулна


Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын яамнаас ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай “Ирээдүйн Марадонна” нэртэй хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү тэмцээнийг ирэх есдүгээр сарын 1-нд зохион байгуулах бөгөөд охид, хөвгүүдийн дөрвөн насны ангиллаар Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 3 хотын бүх ЕБС-ийг үндэсний хэмжээнд хамарч байгаагаараа онцлогтой юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар энэ талаар, “Хүүхдийн бүх төрлийн тэмцээнээс хамгийн өндөр шагналын сантай буюу 200 сая төгрөгийн фондтой анхны тэмцээнийг ийнхүү энэ жил зохион байгуулахаар боллоо. Хөлбөмбөг бол талбай дээр байгаа тоглогчид бүгд багаараа нэг хүн шиг нэгдэж, нэг хүн шиг сэтгэж, хамтарч байж амжилтад хүрдэг гайхамшигтай спорт юм” гэжээ.

Харин Боловсролын яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Х.Батжаргал, “Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсролын яам хамтран Үндэсний хэмжээнд багийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудыг ялангуяа багийн спортод татан оролцуулахын зэрэгцээ эрүүл чийрэг бие хүнийг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэх олон төрлийн ач холбогдолтой, үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагааг эхлүүлж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *