УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Ерөнхий сайдын цагийг Шадар сайдын цаг гэж нэрлэе


УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийдэг уламжлал тогтсон байдаг. Тэгвэл сүүлийн үед Ерөнхий сайдын мэдээллийн цагаар ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийх нь тун ховордсон байдаг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Г.Ганбаатар Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Шадар сайдын цаг нэртэй болгоё гэдэг санаачилгыг гаргасан юм. Тэрээр хэлэхдээ:

-Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр Ерөнхий сайд өөрөө 3-хан удаа орж ирснийг үзлээ. 1 удаа орж ирэхдээ Ж.Баярмаа гишүүнийг С.Баярцогт гэж дуудаж бөөн дуулиан тариад явчихсан. Үндсэндээ тэрнээс хойш Л.Гантөмөр эдийн засгийн хөгжлийн асуудлаар, С.Амарсайхан сайд хөдөө аж ахуй, боловсролын асуудлаар орж ирлээ. Засгийн газрын тухай хуульд олгогдсон боломжийг ашиглаж байгаа байх л даа. Гэхдээ парламентынх нь соёл өндөр хөгжсөн улс оронд Ерөнхий сайд нь тэр дээр ч биш өөдөөс зэрэгцэж суугаад мөрийн хөтөлбөр алдаа оноогоо дэнсэлж мэтгэлцэж ярилцаад суудаг шүү дээ. Тэр дээр суучхаад мэдээлэл хийсэн болоод бусад нь сонссон болоод ингэж явдаг аа болимоор байна. Эрүүл мэнд боловсрол гээд нийгмийн суурь асуудал яригдаж байхад Ерөнхий сайд байхгүй байна. Огцрох ч байсан огцрохгүй ч байсан энд орж ирээд ярьж байх ёстой байхгүй юу. Боловсролын салбарт ямар бэрхшээл байгаа юм. Хүндрэл хаанаа байгааг ярьж байх ёстой биз дээ. Шадар сайдыгаа оруулчхаад нөгөөх нь 1 юм уншсан болоод, бид нар сонссон болоод ингээд явж болохгүй. Өнөөдөр хөдөө орон нутагт багшлах багш ч үгүй болчихлоо. Англи хэлний багш математик заагаад явж байна шүү дээ. Сая тойргоороо явж байхад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нөхцөл байдал хүнд байна. Улсын төсөвт ямар их орлого төвлөрүүлдэг газар билээ. Дангаараа 1,7 их наядыг бүрдүүлж байгаа газар 1 сургууль нь нурчихсан, 1 сургууль нь ашиглалтад ороогүй барилга нь 6 жил гацчихсан байна. Тэнд 3000 гаруй хүүхэд подвал болоод анги танхим хэсээд 3 ээлжээр хичээллэж байхад өнөөдөр энд улсын хэмжээнд 2 ээлжээр сургуулиуд хичээллэдэг гэж яриад байж байна шүү дээ. Тэгвэл Монгол улсын говьд 3 ээлжээр хичээллэж байгаа газар зөндөө байна. Асуудал ийм хүнд байхад парламентад байдаг өөрийнхөө цаг дээр ч ярилцчихгүй Ерөнхий сайд байна шүү дээ гэсэн юм. Уг нь Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байх үүрэгтэй гол субъектийн нэг. Түүнийг ажлаа хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүн чуулганы танхимд Г.Ганбаатараар тогтохгүй байгаа бололтой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *