Японы эрх баригч нам сонгуулийн дүнгээр парламент дахь олонхийн суудлаа алдлаа


Ням гаригт болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам болон тус намтай эвсэж оролцсон Комейто нам нийт 465 суудалтай парламентын доод танхимд 215 суудал авч, томоохон ялагдал хүлээгээд байна. Нэгдсэн сонгуулийн өмнө эрх баригч нам парламентад дангаараа 247 суудалтай, Комейто намтай хамтарсан эвслийн хамт нийт 279 суудалтай байсан юм. Япон улсын Үндэсний парламентад олонх болоход шаардлагатай 233 суудлын босгыг давж чадаагүй эрх баригч намын дарга, шинэхэн Ерөнхий сайд Шигэрү Ишиба-гийн хувьд энэ удаагийн сонгуулийн дүн томоохон цохилт боллоо. Энэ нь эрх баригч консерватив намын хувьд сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаагаа парламентад олонх болж чадаагүй тохиолдол болж байна.

Хамгийн сүүлд 2009 оны нэгдсэн сонгуулиар Либерал Ардчилсан Нам парламентад олонхийн суудлыг хадгалж чадаагүй юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр улс төрийн гол сөрөг хүчин болох Ёшинико Нода-гийн тэргүүлсэн Японы Үндсэн Хуулийн Ардчилсан Нам парламентад 191 суудал авч, өндөр амжилт үзүүллээ. Тус нам өмнөх парламентад 98 суудалтай байсан юм. Өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба өнгөрөгч сард эрх баригч намын даргаар сонгогдсоны дараахан парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар шийдвэрлэсэн нь ийнхүү түүнд ялагдлыг авчирлаа. Одоо түүнийг нам доторх шүүмж, эсэргүүцэл болон мөн шинэ засгийн газар байгуулахын тулд парламентад суудал авсан гуравдагч намтай эвсэх эсэх зэрэг асуудлууд хүлээж байна. Шигэрү Ишиба олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн тохиолдолд сөрөг хүчинтэй эвсэж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *