Тэвчихгүй…


Хаа сайгүй хавдрын өвчинд шаналсан бяцхан үрсийн хандивын гуйлга, эмнэлгийн шалаар зулсан ханиадтай багачууд, алхах зам, тоглох талбайгүй энхрий үрс минь. Зүрх зүсэм мэдээ өдөр бүр хөвөрч үл тасарна. Аравдугаар сарын 28-ий өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлгүй газар нэг ой хоёр сартай хүүхэд хоолондоо хахаж амиа алджээ. Энэ аймшигт мэдээг хүлээн авсан аав ээж хоёрт нь ямар байгааг бодоход сэтгэл урагдам. Өглөө хөтлөөд гарсан бяцхан хүүгийнхээ амьгүй хүйтэн биеийг хараад сууна гэдэг амьдын там биз. Бяцхан хүүгийн ээж өөрийн нүүр номдоо “өглөө бүр сэрээдэг сэрүүлэг минь өнөөдөр л байсангүй” гэж сэтгэлээ уудалжээ.

Бяцхан зүрх цаг бусаар амиа алдсан хойно асуудлаас бултаж суудлаа хамгаалсан л тайлбар хийлээ. Ер нь Манай улсад бага насны хүүхдийг хамруулдаг “яслийн үйлчилгээ” гэж үгүй. Бага насны хүүхэдтэй ээж, аавууд ажил хийж амьдралаа залгуулахын тулд албан бусаар үйл ажиллагаа явуулдаг “өдөр өнжүүлэх төвүүд”-д хүүхдээ хамруулахаас өөр сонголтгүй байгаа нь бас л үнэн.

“Хүүхэдгүй мэт ажиллаж, ажилгүй мэт хүүхдээ харах” нийгмийн тулгалт бол золгүй байдлаар амь алдах хүүхдүүдийн тоог бас нэгэн шалтгаан юм. Хүүхдийг зөвхөн эцэг эх нь хамгаалдаг гэх ойлголт дэндүү өрөөсгөл. Хүүхэд хамгаалахад төрийн бүх институц зэрэг ажиллаж нийгмийн дэд бүтцүүд бүрэн шийдэгдэж, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийн асуудал ч мөн хүүхэд хамгаалалтай салшгүй холбоотой. Гэтэл төрийн шийдвэр, нийгмийн дэд бүтцийн эд эс бүхэн хүүхдийн эсрэг байгаа нь цаг бусаар одох зогсох бяцхан зүрхнүүдийн тоог нэмж байна.

Одоогоос яг жил гаруй өмнө Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж хүчирхийлсэн аймшигт хэрэг нийгмийг цочроосон. Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ, хяналтын камергүй сумын төв, төр бэлдэх байсан шийдвэр шийдлүүд үгүйгээс болж хөөрхийн охин энэ хорвоог орхиж байсан. Өнөөдөр бүгд мартаж. Улстөржиж, наадамлаж, маазарсаар байдал яг л бахь байдгаараа. Хүүхдийн амь насыг дуулиан болгоод л өнгөрөөдөг байх гэж үү? Би лав тэвчихгүй нь.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *