“Шэньжөү-19” хөлгөөр Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч-инженер амжилттай хөөрлөө


Өнөөдөр Хятадын “Шэньжөү-19” сансрын хөлгийг Ганьсу мужийн элсэн цөл дэх Жючюан хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөлөө. Тодруулбал орон нутгийн цагаар үүрийн 04 цаг 27 минутад “Шэньжөү-19” нисгэгчтэй сансрын хөлгийг ачсан “CZ-2F Yaо-19” зөөгч пуужинг амжилттай хөөргөж, дэлхийн тойрог замд оруулаад байна. Хятадын төрийн хэвлэлүүдээр “Шэньжөү-19” сансрын хөлөг болон пуужин амжилттай салж, товлосон тойрог замдаа орсон, сансрын нисгэгчдийн биеийн байдал сайн байгаа тул хөөргөлт бүрэн дүүрэн амжилттай боллоо хэмээн мэдээлээд байна. Мөн лхагва гаригийн үдээс хойш уг сансрын хөлөг дэлхийн тойрог замд байрлах Хятадын “Тиангун” сансрын станцтай амжилттай холбогдож, “Шэньжөү-19” хөлгийн багийн гурван сансрын нисгэгч сансарт ажиллаж байгаа өөр гурван нисгэгчтэй уулзсаныг Хятадын хэвлэлүүд онцолж байна. “Тиангун” сансрын станцид хагас жилийн хугацаанд ажиллах 3 гишүүнтэй шинэ багийн бүрэлдэхүүнд Ван Хаоже хэмээх Хятадын түүхэн дэх анхны эмэгтэй сансрын нисгэгч-инженер багтаж байгаа юм.

Сансрын нисгэгч Ван Хаоже болон Сон Линдун хоёр 1990-ээд онд төрсөн, Хятадын залуу сансрын нисгэгчид бол тэдэнтэй хамт Цай Шүжие хэмээх өмнө нь 2022 онд “Шэньжөү-14” хөлгөөр сансарт гарч, ажиллаж байсан туршлагатай сансрын нисгэгч хөөрсөн байна. Шинэ багийнхан сансарт ажиллах 6 сарын хугацаандаа сансрын татах хүчний физик, сансрын материал гэх зэрэг сансрын судалгаа шинжилгээ, технологийн нийт 86 туршилт явуулах төлөвлөгөөтэй ажээ.

Мөн Хятадын сансар судлалын дараагийн нэгэн томоохон зорилт болох 2030 онд саран дээр хүн буулгах төлөвлөгөөний урьдчилсан судалгаануудыг ч хийх юм байна. өнөөдрийн байдлаар сансрын технологи, сансрын судалгааны салбар, тэр дотроо манай гаригийн дагуул болох саран дээр хүн буулгах тал дээр АНУ болон БНХАУ “идэвхтэй, хоорондоо уралдаж” байна хэмээн NASA-гийн тэргүүн Билл Нельсон энэ оны эхээр хэлж, зөвхөн судалгаанаас гадна Хятад улсыг саран дээр хил хязгаараа тогтоож, цэрэг зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх магадлалтайг анхааруулж байсан юм. Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин “задгай сансрыг судалж, сансрын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, Хятад улсыг сансрын гүрэн болгох нь бидний мөнхийн мөрөөдөл байх болно” хэмээн хэлж байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *