Өнгөрсөн долоо хоногт орсон усархаг борооны улмаас сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй үерт автаад байгаа Испанийн Валенсиа мужид гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар ирсэн Испанийн хаан Фелипе, хатан Летициа нар луу иргэд шавар цацаж, бухимдлаа илэрхийлжээ.
Уурлаж бухимдсан иргэд Испанийн хаан, хатан, Ерөнхий сайд Педро Санчез гэх зэрэг төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд руу “алуурчид”, “ичээч” гэх зэргээр орилж хашгиран, үерийн улмаас үүссэн нойтон шаврыг тэдэн рүү шидэж, цацсан байна.
Энэхүү үйл явдал үерт хамгийн их өртөж, үлэмж хохирол амсаад байгаа Валенсиа мужийн Пайпорта хотод ням гаригт болсон байна. Нүүр болон хувцас нь шаварт будагдсан Фелипе хаан, Летициа хатан хоёр “нөхцөл байдлыг ойлгож байгаа” хэмээн уурлаж бухимдсан иргэдийг тайвшруулж байгаа гэрэл зураг, дүрс бичлэгийг мөн Европын хэвлэлүүд нийтэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт тохиосон үерийн улмаас 200 гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжлэн явагдсаар байгаа юм. 11 сарын 2-ны бямба гаригт Испанийн Ерөнхий сайд Педро Санчез нэмж 10 мянган цэрэг, цагдааг аврах ажиллагаанд дайчлах тушаал гаргаж, үүнийгээ Испанийн түүхэнд энх цагт хамгийн олон цэрэг, цагдааг дайчилсан явдал болсныг онцолжээ.
Ард иргэдийн хувьд цаг агаарын аюултай үзэгдэл, байгалийн гамшиг тохиолдох гэж байгааг урьдчилан сэргийлж анхааруулах мэдээг хангалттай өгөөгүй, мөн гамшгийн үеэр төр засаг, эрх баригчдын зүгээс хангалттай сайн ажиллаж, дэмжлэг туслалцаа өгөөгүй гэх зэргээр шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсээр байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт орсон усархаг бороооны улмаас үүссэн үерийн усны хэмжээ 90 мм буюу бараг 1 метр хүрсэн ажээ. Үерийн улмаас амиа алдсан хүний тоо ням гаригийн байдлаар 217-д хүрээд байгаа бөгөөд үүнээс дийлэнх нь Валенсиа мужид амь үрэгдсэн байна.