Америкчууд анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу аль эсвэл Дональд Трампыг дахин сонгох уу ?
Энэ долоо хоногт дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч их гүрнийг ирэх дөрвөн жил удирдах шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 11 дүгээр сарын 5-ны өдөр АНУ-ын ард түмэн сонголтоо хийж, улс төрийн гол хоёр хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп хоёрын аль нэгийг сонгоно. Мэдээж бусад жижиг намууд, бие даагч нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа ч үеийн үед дээрх хоёр “том” намын дунд л өрсөлдөөн явагдсаар ирсэн. Нэг нь “илжиг” (Ардчилсан нам), нөгөөх нь “заан” (Бүгд найрамдах нам).

Сонгуулийн тогтолцоо
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн дан ганц иргэдийн өгсөн саналаар гардаггүй. АНУ-ын мужуудыг төлөөлсөн, ерөнхийлөгчийг сонгох эрх бүхий хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн “сонгогчдын коллеж” (electoral college) хэмээх төлөөлөгчдийн санал хамгийн их жин даах ба ихэнх тохиолдолд иргэдийн олонхийн санал болон сонгогчдын коллежийн санал аль нэг нэр дэвшигчийн талд илүү байсаар ирсэн ч цөөн тохиолдолд энэ нь эсрэгээрээ буюу иргэдээс цөөн санал авсан ч сонгогчдын коллежоос олон санал авч, сонгогдсон түүх байдаг. Хамгийн сүүлийн ийм жишээ бол 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Тэрхүү сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон сонгогчдын олонхийн саналыг (65.8 сая санал) авсан хэдий ч түүний өрсөлдөгч БНН-аас нэр дэвшсэн Дональд Трамп (62.9 сая санал) сонгогчдын коллежийн нийт 538 гишүүний 304-ийнх нь саналыг авснаар сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Энэхүү сонгогчдын коллежийн олонх буюу 270 саналыг цуглуулсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулдаг дүрэмтэй. Гэхдээ муж бүрийн төлөөлөгчийн тоо өөр байх ба мужийн хэмжээнд ялсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөлөгчийн саналыг авдаг. Харин аль ч нэр дэвшигч олонх болж чадаагүй, эсвэл сонгогчдын коллежоос тэнцүү санал авсан тохиолдолд Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчийг, дээд танхим болох Сенат дэд Ерөнхийлөгчийг сонгодог.
Сонгуулийн үйл явц
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо ийм байдаг бол цаашлаад энэ удаагийн сонгуулийн үйл явцыг өнгийж харцгаая. 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп, Жо Байден нар өрсөлдөнө гэдгээ анх зарласнаар энэ удаагийн сонгууль өмнөх 2020 оны сонгуулийн “даагаа нэхэх” тулаан болно гэдэг нь тодорхой болсон. Нам доторх сунгаа дуусч, Трамп, Байден нар өрсөлдөх нь тодорхой болсны дараа одоогийн төрийн тэргүүний засаг захиргааны зүгээс “Дональд Трампын үед АНУ-ын эдийн засаг уналтанд орж, сүйрсэн, манай засаг захиргаа ажлын байрыг түүхэнд байгаагүй өндөр хэмжээгээр нэмлээ” гэх зэргээр дайралт хийхийн хажуугаар Трампын эсрэг татвараас зайлсхийсэн болон мөн ор хөнжлийнх нь явдалтай холбоотой олон хэрэгт буруутган, шүүхэд дуудаж, түүний улс төрийн нэр хүндийг унагах арга тактикийг ашиглаж байлаа. Харин нөгөө талаас өдгөө 81 настай Жо Байдены эсрэг эрүүл мэнд болон өндөр настай нь холбоотой “алхаж явж чадахаа байсан, эрүүлээр зөв сэтгэж, ярьж байгаа зүйлээ ч ойлгохоо байсан, зөнөсөн” гэх мэт энгийн хэрнээ олны нүдэн дээр харагдаж байгаа бараг бодит гэмээр сэдвийг сонгон авч сөрөг дайралтаа хийсэн нь үр дүнд хүрч, өнгөрсөн 7 дугаар сард АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нас өндөр гарсан гэх шалтгаанаар өөрийн сонгуулийн кампанит ажлыг өндөрлүүлж байгаагаа, мөн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжихээ мэдэгдсэн юм. Ийнхүү 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн Дональд Трамп болон Камала Харрис хоёрын хооронд өрнөхөөр болж, тэд сурталчилгааны кампанит ажилдаа ханцуй шамлан орцгоосон. Өөрөөр хэлбэл Америкчууд анхны эмэгтэй, мөн өнгөт арьст ерөнхийлөгчтэй болох уу, эсвэл Дональд Трампыг хоёр дахь удаагаа сонгох уу гэдэг асуулт дэлхийн анхаарлын төвд орсон юм. Өнгөрсөн хугацаанд мөн Д.Трампын амь насанд халдахыг завдсан хоёр ч оролдлого гараад байгаа бөгөөд зарим нь үүнийг “хуйвалдааны онол”-оор ч тайлбарлаж байсан удаа бий. Гэхдээ тэр юу л бол. Трамп, Харрис нар өнгөрөгч 9 дүгээр сарын 10-нд мэтгэлцээний талбарт тулсан бөгөөд 70 сая хүн үзсэн гэх ABC телевизийн зохион байгуулсан тэрхүү мэтгэлцээнд үндсэндээ Камала Харрисыг ялсан гэж дийлэнх эх сурвалжууд мэдээлсэн.
Мөн тэрхүү мэтгэлцээн тэдний хоорондох цорын ганц мэтгэлцээн болсон юм. Үндэсний хэмжээнд явуулсаар байгаа судалгаануудын дүнгээр Камала Харрис анхандаа өрсөлдөгчөөсөө бага зэрэг тэргүүлж байсан бол сүүлийн хэдэн өдрийн дотор хоёр нэр дэвшигч бараг л эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байна. Гэхдээ өмнө хэлсэнчлэн сонгогчдын коллежийн олонхийн санал хамгийн чухал учраас үндэсний хэмжээний судалгааны дүн, рейтинг тийм ч чухал биш. Харин сонгогчдын коллеж дотроо өрсөлдөөнийг сонирхолтой болгодог, гол ширүүн тулаан өрнөдөг, “савлагаатай”, саналууд тун ойролцоо учраас яаж ч өөрчлөгдөх магадлалтай онцгой мужууд гэж бий. Ийм мужуудыг “swing states” гэж нэрлэдэг ба энэ удаагийн сонгуульд Аризона, Жоржиа, Невада, Хойд Каролина, Мичиган, Пеннсильвани, Висконсин гэсэн долоон мужийн санал, үр дүн яаж ч гарч магадгүй байгаа юм. Тиймээс эдгээр мужуудын санал, мужийн сонгогчдын колежийн саналыг өөрийн талд эргүүлж авах нь туйлын чухал.
Дэмжлэг
Энэ удаагийн сонгуульд Камала Харристай хамт Миннесота мужийн амбан захирагч Тим Вальц дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бол Дональд Трамп Огайо мужийн сенатч ЖД Вэнсийг сонгож, түүнийг дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчид иргэдийн болон сонгогчдын коллежийн саналыг авахын тулд алдартнуудын дэмжлэгийг мөн ашигладаг. Энэ удаагийн сонгуульд хөгжлөө дагаад технологийн салбарын бизнесменүүдийн дэмжлэг хэвлэлийн гол мэдээний сэдэв болоод байна. Жишээлэхэд Тесла, X зэрэг томоохон технологийн компанийн тэргүүн Элон Маск Д.Трампыг дэмжихээ илэрхийлээд байгаа бол LinkedIn-ийг үндэслэгч Рейд Хоффман, OpenAI-ийн CEO Сэм Олтмэн нар Камала Харрисын ард зогсож байгаагаа мэдэгдсэн. 21 дүгээр зуун, мэдээлэл технологийн эрин зуунд дээрх томоохон компаниудын хувьд улс төрд нөлөөтэй байх нь, улс төрчид ч мөн технологийн компаниудтай хамтарч ажиллах нь харилцан ашигтай зүйл гэдэг нь тодорхой.
Мөрийн хөтөлбөр
Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөө, амлалтуудаас гадна мөн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хүрээндээ аборт, уур амьсгалын өөрчлөлт, ардчилал, эдийн засаг, боловсрол, гадаад бодлого, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, цагаачдын асуудал болон бэлгийн цөөнхийн сэдвийг голчлон сонгон авч байна. Харин иргэдийн дунд явуулсан судалгааны дүнгээр америкчууд дотоодын эдийн засагт хамгийн их санаа зовж байгаа бөгөөд энэхүү асуудал дээр Камала Харрис мөрийн хөтөлбөртөө компани, аж ахуй нэгжүүдэд тавьдаг одоогийн 21 хувийн татварыг 35 хувь болгож нэмэгдүүлэх, мөн жилдээ 400 мянган ам.доллараас бага орлого олдог иргэдийг орлогын албан татвараас чөлөөлөх, тэрбумтнуудын татварыг нэмэх, цалингийн доод хэмжээг өсгөж нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тогтоох, жижиг дунд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрчний эвлэлүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг багтаагаад байгаа бол Дональд Трамп мөрийн хөтөлбөртөө татварын хувь хэмжээг буулгах, эрчим хүчний үйлдвэрлэл болон газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг огцом өсгөн нэмэгдүүлэх, Хятад болон бусад улс орны импортод өндөр тариф тогтоох, бичиг баримтгүй цагаачдад моргэйжийн зээл олгохыг хориглох зэрэг бодлого, амлалтыг багтаагаад байгаа юм.

Мэдээж дэлхийн их гүрэн гэдэг утгаараа олон улсын асуудлууд ч мөн гол сэдэв болох нь зүй ёсны хэрэг. Ялангуяа Европ болон Ойрхи Дорнодын бүс нутагт дайн тулаан үргэлжилж байгаа энэ цаг үед хэн ерөнхийлөгчөөр сонгогдохоос шалтгаалж Украин болон Газын хувь заяа шийдэгдэх болно. Камала Харрис төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Украинд дэмжлэг үзүүлсээр ирсэн Байдены засаг захиргааны бодлогыг үргэлжлүүлэх үү? Харин Дональд Трамп сонгогдвол тэр даяарчлалыг бус Америкийг нэгдүгээрт тавих бодлогоо үргэлжлүүлэх болов уу ? Судлаач, шинжээчдийн зүгээс хэн нь ч сонгогдсон бай АНУ-ыг олон улсын энх тайван, аюулгүй байдлын тал дээр хамгийн нөлөө бүхий тоглогч хэвээрээ байгаа гэдгийг онцолж байна. Гэхдээ мөн аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх АНУ-ын хүч, нөлөө буурч байгааг анхааруулжээ. Үүн дээр мөн дайн тулаантай байгаа холбоотнууддаа дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг АНУ-ын Конгрессын дээд, доод танхимаар хэлэлцэн, хууль батлаж шийддэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тун удахгүй Конгресс тэр чигтээ Бүгд найрамдах намын мэдэлд очиж магадгүй байгаа тул хилийн чанад дахь дайнд Ардчилсан намаас арай бага анхаарал хандуулах болов уу гэж ажиглагч, шинжээчид үзэж байгаа юм. Эндээс харахад Камала Харрис, Дональд Трамп нар Украины дайны асуудал дээр харилцан адилгүй, өөр бодлого явуулах бол Израил-Хамасын дайны асуудал дээр төстэй буюу “Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй хэдий ч ямар ч гэм зэмгүй, энгийн номхон Палестинчуудыг хөнөөх нь буруу” гэсэн байр суурьтай байх нь харагдаж байна. Дональд Трамп дээрх хоёр дайныг өндөрлүүлэхийг хүсэж байгаагаа кампанит ажлынхаа үеэр удаа дараа хэлж байгаа бол Камала Харрис “Украины талд нэр төртэй зогсох болно, энэ дайнд Украины ялалтын төлөө ажиллах болно” хэмээн хэлсэн юм.