Францын долоон гэр бүл TikTok-ийг шүүхэд өгчээ


Францын долоон гэр бүл TikTok-ийг шүүхэд өгсөн байна. Дээрх гэр бүлүүдийг төлөөлж байгаа өмгөөлөгчийн мэдэгдсэнээр TikTok платформ нь дээрх долоон гэр бүлийн өсвөр насны хүүхдүүдэд сөрөг контент түгээсний улмаас 15 насны хоёр хүүхэд нь амиа хорлоход хүргэсэн хэмээн буруутгажээ.

TikTok-ийн алгоритм нь дээрх гэр бүлүүдийн өсвөр насны хүүхдүүдэд амиа хорлолт, өөрийгөө өвтгөж гэмтээх, хоолны дуршилгүй болох зэрэг хор хөнөөлтэй, сөрөг утга агуулга бүхийн контентуудыг сурталчилсан учраас шүүхэд өгөөд байгааг өмгөөлөгч Лори Бутрон-Мармион хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн тэрээр гэр бүлүүд нэгдэж, сошиал медиа компанийг шүүхэд өгсөн Европ дахь анхны тохиолдол болж байгааг онцолсон байна.

TikTok нь бусад сошиал платформуудын нэгэн адил аппликейшн дээр нь нийтлэгдэн орж байгаа контентуудын бодлого, зохицуулалтын тал дээр хууль шүүхийн асуудалд ороод удаж байгаа. Facebook, Instagram зэрэг бусад платформуудтай ижил АНУ-д TikTok-ыг хэрэглэгч бага насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг гэмтээж, хохироож байна гэсэн олон зуун хэрэгт буруутган, шүүхэд дуудсаар байдаг.

TikTok-ийн зүгээс аль ч хэрэг дээр шууд хариу өгч байгаагүй бөгөөд энэ удаагийн Франц гэр бүлүүдийн хэрэг дээр ч хариу өгөөгүй байна.

Тус компанийн ерөнхий захирал Шоу Зи Чью энэ жил АНУ-ын хууль тогтоогчдод хандан хийсэн мэдэгдэлдээ TikTok аппликейшныг хэрэглэгч залуус, хүүхэд багачуудыг хамгаалах тал дээр арга хэмжээ авахад хөрөнгө оруулалтыг хийх болно гэдгээ онцолсон байсан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *