Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОХУ, БНАСАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гэрээний тухай хуульд гарын үсэг зурсан байна.
Орос, Умард Солонгосын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гэрээг анх энэ оны 6 сарын 19-ний өдөр хоёр улсын удирдагч нар Пхеньянд байгуулсан юм. Улмаар 10 сарын 24-ний өдөр Төрийн дума буюу ОХУ-ын парламентын доод танхим соёрхон батласан бол энэ сарын 6-ны өдөр дээд танхим болох Холбооны зөвлөл батлан, төрийн тэргүүнд хүргүүлжээ.
Уг гэрээний удиртгал хэсэгт энэхүү баримт бичиг нь хоёр улсын ард түмний үндсэн эрх ашигт нийцэхийн сацуу бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэн баталгаажуулахын төлөө байгуулагдаж байгааг тодотгожээ.
Хоёрын улсын хоорондох харилцааны түвшинг ахиулж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар талууд тусгаар тогтнол, хилийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэлж, нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй байж тэгш харилцах, улс орнуудын хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн олон улсын эрхзүйн хэм хэмжээг дээдэлнэ гэжээ.
Уг гэрээнд мөн НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу аль нэг улс гадны зэвсэгт халдлагад өртсөн тохиолдолд цэрэг зэвсгийн болон бусад төрлийн дэмжлэг, туслалцааг нэн даруй үзүүлэх тухай зүйл заалт багтсан байна.
Өөрөөр хэлбэл Орос, Умард Солонгосын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Орос-Украины хилийн орчимд дайчлагдан ирээд байгаа хэмээн мэдээлж буй 8-12 мянга орчим Умард Солонгосын цэрэг Украины дайнд Оросын талд дайтах эрхзүйн үндэслэл бий болж байгаа гэсэн үг юм.
ОХУ, БНАСАУ-ын их бүрэн стратегийн түншлэлийн гэрээг талууд соёрхон баталж, баримт бичгээ харилцан солилцсоноор уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болно.
