Катар улс Газын зурваст дайтаж байгаа Израил улс, Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох болон энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээний зуучлагчийн үүргээ цуцалж байгаагаа мэдэгджээ. Тус мэдэгдэлд Хамас бүлэглэл болон Израил улс хэлэлцээрийн ширээний ард суух “чин хүсэлтэй гэдгээ харуулах хүртэл” зуучлагчийн үүргээ цуцлаж байна гэжээ. Катарын нийслэл Доха хотод Палестины Хамас бүлэглэлийн төлөөлөгчид байдагтай холбоотойгоор тус улс одоог хүртэл хоёр талд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Дохи хот дахь тус бүлэглэлийн салбар 2012 оноос хойш тэнд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч Доха хот дахь Хамас бүлэглэлийн улс төрийн салбар нь тус бүлэглэлийг бүрэн төлөөлөх боломжгүй болсон учраас дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн гэжээ. Мөн зарим олон улсын мэдээний агентлагууд Доха хот дахь салбараа хаах шаардлагыг Хамас бүлэглэлд Катарын зүгээс тавихаар АНУ-тай харилцан тохиролцоод байгаа талаар мэдээлж байна. Харин Катар улсын ГХЯ болон Хамас бүлэглэлийн зүгээс дээрх мэдээллийг “алдаатай, буруу ташаа мэдээлэл” гэж үзэж байна.

Одоогоор Хамас бүлэглэл улс төрийн асуудал хариуцсан салбараа Катараас нүүлгэх эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрвээ тийм нөхцөл байдал үүсвэл хамгийн боломжтой байршлыг Турк улс гэж ажиглагчид үзэж байна. Катар нь Персийн булангийн “бие жижиг ч бэлчээр томтой” улс бөгөөд бүс нутагтаа АНУ-ын гол холбоотон улс юм. Тус улс АНУ болон Египеттэй хамтран Израил, Хамасын хооронд гал зогсоох гэрээ байгуулах яриа хэлэлцээг төдийлөн амжилтгүй ч нэг жил гаруйн хугацаанд гүйцэтгэсээр ирсэн. Дайтагч талууд гал зогсоох яриа хэлэлцээнээс дөлж, татгалзаж байгаа учраас ийнхүү Катар улс зуучлагчийн үүргээ цуцлаад байна.
