Пакистанд амиа золиослогч вокзалд дэлбэрэлт үйлдсэний улмаас 25 хүн амь үрэгджээ


Өнгөрсөн бямба гаригт Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужийн нэгэн төмөр замын вокзалд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 25 хүн амь үрэгдээд байгаа талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Куэтта хэмээх вокзалд болсон дэлбэрэлтийн улмаас мөн 50 орчим хүн бэртэж, гэмтсэн талаар албаныхан мэдээлээд байна. Амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн дунд энгийн иргэдээс гадна Пакистаны зэвсэгт хүчний төлөөлөл байжээ.

Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан Мухаммад Балохын BBC агентлагт мэдээлснээр амиа золиослогч этгээд 6-8 кг орчим тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж үзэж байгаа ажээ.

Орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө болсон тэрхүү дэлбэрэлтийн агшинг тод харуулсан хяналтын камерын бичлэг мөн сошиал орчинд тархаад байна.

Уг дэлбэрэлтийг Балочистаны Чөлөөлөх Арми хэмээх Пакистаны салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээж, сошиал хуудсандаа албан ёсны мэдэгдэл нийтэлжээ. Тус мэдэгдэлд уг халдлагыг тухайн мужид бэлтгэл хийгээд галт тэргээр буцах гэж байсан Пакистаны зэвсэг хүчнийхнийг байгаа болгож үйлдсэн онцолсон байна. Амиа алдсан хүмүүсийн дотор 14 цэрэг байсныг цагдаагийн газраас дараагаар нь мэдээлжээ.

Балочистан муж нь газар нутгийн хэмжээгээр Пакистаны хамгийн том муж бөгөөд байгалийн баялгийн нөөц ихтэй ч хоцрогдмол хөгжилтэй муж юм.

Сүүлийн үед тус мужид тусгаар тогтнолоо зарлан салан тусгаарлаж, байгалийн баялагт эзэн сууж хяналтаа тогтоох зорилго бүхий хөдөлгөөн өрнөж, үүнтэй холбоотойгоор бямба гаригт болсонтой ижил халдлага олон гарах болсон.

Өнгөрсөн наймдугаар сард гарсан цуврал халдлагын улмаас доод тал нь 73 хүн амиа алдсан бөгөөд цагдаагийн хэлтэс, төмөр замын буудлууд, хурдны зам дээр голцуу үйлдэгдсэн дээрх халдлагуудыг үйлдсэн гэдгээ Балочистаны Чөлөөлөх Арми бүлэглэл хүлээсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *