Энэ долоо хоногт Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялалт байгуулан хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож, дээр нь Бүгд найрамдах нам Сенатад олонх болж түүний улс төрийн хүч чадлыг улам нэмэгдүүлэхээр болоод байгаа явдал нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч энэхүү их гүрний улс төр, засаглалын талбарт томоохон өөрчлөлт гарахын “цондон” болоод байна. Мэдээж Трампын шинэ засаг захиргааны хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө нь дотооддоо төдийгүй дэлхий ертөнцөд нөлөөлөх нь тодорхой.
Шилжилт
Цаг хугацааны дарааллын хувьд юун түрүүнд одоогийн ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Д.Трампад төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх үйл явц явагдах болно. Ажиглагчдын таамаглаж байгаагаар Байдены засаг захиргаа үлдсэн бага хугацаагаа ашиглан “Инфляцийг буулгах хууль”-ийн хүрээнд үүсгэн бий болгосон улсаас татаас олгох хандивын төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олгох болон мөн Украинд ахин зэр зэвсэг болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг оролдож магадгүй гэжээ.
2025 оны 1 сард Д.Трамп тангараг өргөж, төрийн тэргүүний албан тушаалдаа орж, Цагаан ордонд нүүж ирэх бөгөөд тэр цаг үеэс эхлэн өөрийнхөө анх ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа явуулсан бодлого төлөвлөгөөг үргэлжлүүлэхэд анхаарлаа хандуулахаас гадна мөн Байдены засаг захиргааны сүүлийн үед гаргасан захирамж, тушаалыг буцааж цуцлах ажлыг гүйцэтгэнэ гэж ажиглагчид харж байна.
Түүнчлэн Д.Трампын хамгийн түрүүнд хийх ажил нь түүний засаг захиргааны бүтэц, бүрэлдэхүүний асуудал, кабинетын томилгоо байх болно. Трампын сонгон нэр дэвшүүлсэн томилгоог Сенатын санал хураалтаар батлах ёстой ба энэ удаад Бүгд найрамдах нам Сенатад олонх болсон тул түүний томилгоонд ямар ч саад, бэрхшээл тулгарахааргүй харагдаж байгаа юм.

Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн дүн хараахан тодорхой болоогүй байгаа ч Америкийн зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаачлан хэрвээ Бүгд найрамдах нам Конгрессын доод танхимд мөн олонх болж, ялалт байгуулвал Д.Трампын гарт төр засгийн бүрэн эрх мэдэл очих болно. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөртөө багтааж, хийж хэрэгжүүлнэ гэж байсан бүхий л бодлого, төлөвлөгөөгөө асуудалгүй явуулах нигууртай юм. Харин Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болсон тохиолдолд улсын төсөв гэх мэт томоохон хуулийн төсөл дээр хоёр намын дунд яриа хэлэлцээ явагдах шаардлагатай болно.
Тэгвэл 2025-2029 оны хооронд АНУ-ыг удирдах Д.Трампын шинэ засаг захиргаа ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар Америкийн томоохон хэвлэлүүдийн дэвшүүлсэн таамгийн талаар цухас танилцуулья.
Төсөв
Трампын шинэ засаг захиргаа өнгөрсөн 10 дугаар сард эхэлсэн 2025 оны санхүүгийн жилийн төсөв болон мөн 2026 оны санхүүгийн жилийн төсөвт шууд нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Одоо үргэлжилж байгаа хууль тогтоомжийн хүчинтэй хугацаа ирэх сарын эцсээр дуусах учиртай ч Трампын шинэ засаг захиргааны томилгоо албан ёсоор батлагдаж, мөн Бүгд найрамдах нам Конгресст хяналтаа тогтоох хүртэл буюу 2025 оны 3 сар хүртэл одоогийн хууль тогтоомжийг сунгах болов уу гэж харж байна. Мөн 2026 оны төсвийн төсөл ирэх оны 5 сараас л гарч магадгүй хэмээн таамаглаж байна.
Татвар
Д.Трампын засаг захиргааны 2017 онд батлаж байсан Татвар бууруулах болон ажлын байр нэмэгдүүлэх тухай хуулийн хүчинтэй хугацаа 2025 оны сүүлээр дуусах болно. Тэгвэл Трампын шинэ засаг захиргаа уг хуулийн хүчинтэй хугацааг сунгах, тэр ч бүү хэл хуулинд томоохон нэмэлт өөрчлөлт оруулна гэж таамаглаж байгаа юм. Жишээ нь компани аж ахуй нэгжүүд болон хувь хүний албан татварыг бууруулах, томоохон корпорациудын татварыг 21%-иас 15% болгож буулгах, ажилчдын илүү цаг ажилласан цалин болон цайны мөнгөн дээрээс татвар тооцож авдаг байсныг цуцлах зэрэг өөрчлөлтүүдийг хийх амлалтыг өгч байсан бөгөөд “цэнхэр захтнууд” болон дундаж давхаргын Америкчууд түүний яг энэхүү амлалтаас болж түүнийг олноороо сонгосон гэж хэлж болох юм.
Цагаачлал болон хилийн аюулгүй байдал
Д.Трамп 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэрээ цагаачдын эсрэг “хана барьж босгоно” гэсэн бодлогоороо олон шүүмжлэл дагуулсан ч мөн олон хүнд хүрч байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа тэрээр хууль бус цагаачидтай тэмцэж, АНУ-ын түүхэнд урьд өмнө байгаагүй томоохон хэмжээний албадан гаргах ажиллагааг явуулах болно гэсэн амлалтыг өгсөн. Үүндээ Үндэсний Гвард болон орон нутгийн хүчний байгууллагууд, цэрэг цагдааг дайчлан оролцуулах төлөвтэй байна. Тэрээр наанаа “хууль бус цагаачдын эсрэг” гэж байгаа ч цаагуураа АНУ-д нэвтрэх цагаач, дүрвэгсдийн тоог буулгаж, нэвтрэх хяналтыг чангатгах, АНУ-д хууль бусаар амьдарч байгаа цагаачдын тус улсад төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгодог явдлыг зогсоох, ажлын визийн асуудлыг мөн чангатгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тодорхой байгаа юм.
Худалдаа, тариф, гадаад хөрөнгө оруулалт
Д.Трамп бол худалдааны асуудал дээр нэлээн хатуу бодлого баримталдаг хүн. Тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадын бараа, бүтээгдэхүүнд үлэмж хэмжээний татвар ногдуулснаас үүдэн “Америк-Хятадын худалдааны дайн” гарч байсан. Тэгвэл тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэрээ АНУ-д орж ирж байгаа бүх импортод 10-20%-ийн тариф, харин Хятадын импортод 60% хүртэлх тариф ногдуулна гэж ярьж байсан юм. Мөн тэрээр АНУ дахь чухал дэд бүтцийг Хятадын тал худалдаж авч, эзэмших явдалд хориг тавьж, зогсоох болно хэмээн амласан. Хэрвээ үнэхээр энэхүү амлалтаа хэрэгжүүлвэл олон улсын зах зээл дэх Америкийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулна гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Батлан хамгаалах зардал, төсөв
АНУ нь Батлан хамгаалах зардал, төсвийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Аль ч ерөнхийлөгчийн засаглалын үед тийм байсан, Трампын засаглал ч энэ жишгээр байх нь тодорхой бөгөөд ажиглагчид батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээ нэмэгдэх болов уу гэж харж байна. Тэр тусмаа БНХАУ-ын зүгээс ирж болзошгүй аливаа аюул заналхийллийн эсрэг Америкийн цэрэг, батлан хамгаалахын салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төсөв, зардал нэмэгдэнэ, ялангуяа цэрэг зэвсгийн технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дуунаас хурдан зэвсэг техник зэрэгт мөнгө хаях нь тодорхой, үүндээ мөн сонгуулийн үеэр түүнийг дэмжсэн технологийн салбарын томоохон компаниудыг татан оролцуулах өндөр магадлалтай гэдгийг онцолж байна. Түүнчлэн тэрээр өөрийнхөө “Америк нэгдүгээрт” гэсэн үндсэн философийн дагуу батлан хамгаалах салбар болон бусад салбарын асуудалд хандаж, холбоотнуудынхаа аюулгүй байдлыг арагш нь тавьж, АНУ-ын аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд тавих болно гэж харж байна.
Гадаад бодлого
Дээр дурьдсан “Америк нэгдүгээрт” гэх үндсэн философийн дагуу Д.Трампын шинэ засаг захиргаа дипломат бодлогын хувьд илүү өөрийгөө тусгаарласан, элдэв дайн, зөрчил мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй, эдийн засгийн хувьд протекционист бодлого баримтална хэмээн таамаглаж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрээр Украины дайн болон Израил-Хамасын дайныг төгсгөж чадна хэмээн хэлж байсан ч ямар аргаар хэрхэн яаж зогсоохоо хэлээгүй. Зөвхөн “энх тайванд хүчээр хүрнэ” хэмээх ерөнхийлөгч агсан Р.Рейганы үгийг иш татан хэлж байсан. Трампын шинэ засаг захиргаа Хятадтай худалдаа/хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, технологийн салбарууд болон мөн Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал гээд бүх тал дээр өрсөлдөх төлөвтэй байна. Харин Европт өрнөж байгаа дайны асуудал дээр Украиныг дэмжиж байгаа АНУ-ын байр суурийг Трампын засаг захиргаа өөрчилж магадгүй байна. Америкийн Украинд үзүүлэх зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн туслалцааг зогсоож, Украиныг ОХУ-тай тохиролцоо хийж, энхийн гэрээ байгуулахыг шахах болов уу хэмээн ажиглагчид үзэж байна. Израил-Хамасын дайн дээр Трамп ойр, найрсаг харилцаатай байдаг Израилын ЕС Беньямин Нэтаньяху-д дайнаа дуусгах шахалтыг үзүүлж, зөвшөөрөхгүй тохиолдолд Америкийн дэмжлэгээ алдана гэдгийг сануулах байх гэж таамаглаж байгаа юм.

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт
Трамп их эртнээс уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол хуурамч зүйл” гэж үзсээр ирсэн нэгэн. Энэ удаагийн сонгуулийн үеэр ч мөн тэрээр малтмал түлшийг олборлох байр сууриа хүчтэй илэрхийлж байсан юм. Тэгэхээр цаашдаа Трампын засаг захиргаа АНУ-ыг ахиад Парисын гэрээнээс гаргах, газрын тос болон байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн хуурай газар болон далайн бүсийн лицензийн түрээсийг цуцлаж, цөмийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний аюулгүй байдалд түлхүү анхаарлаа хандуулах төлөвтэй байгааг ажиглагч, судлаач нар хэлж байна.
