Д.Трамп бага Роберт Ф.Кеннедиг АНУ-ын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд нэр дэвшүүллээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын ээлжит нэгэн томилгоо мөн л олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр бага Роберт Ф.Кеннедиг АНУ-ын Эрүүл мэнд, халамжийн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон, нэрийг нь дэвшүүлснээ өөрийнхөө Trump Social платформдоо албан ёсоор зарлан мэдээлжээ.

Бага Роберт Фитцжеральд Кеннеди нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фитцжеральд Кеннеди-гийн ач хүү, Роберт Фитцжеральд Кеннеди-гийн хүү бөгөөд 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даагчаар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаад удалгүй нэрээ татан, Д.Трампыг дэмжинэ гэдгээ мэдэгдэж байсан юм.

Гэвч түүнийг эрүүл мэндийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн явдлыг олон нийт эсэргүүцэн, шүүмжилж байна. Учир нь бага Роберт Ф.Кеннеди вакцины эсрэг үзэл бодолтой улс төрч бөгөөд сонгуульд бие даан нэр дэвшиж байхдаа ч вакцинд эргэлзээтэй ханддагаа олон удаа илэрхийлж байсан байна. Харин Д.Трамп түүний нэрийг дэвшүүлсэн албан ёсны мэдэгдэлдээ “вакцинд эргэлзээтэй ханддагаараа алдартай Кеннеди Америкийн ард иргэдийг хортой химийн бодис, орчныг бохирдуулагч бодис, шавж устгагч бодис, эм тариа, бэлдмэл болон хүнсний нэмэлт бодис зэргээс хамгаалах ажлыг гүйцэтгэх болно” хэмээн онцолжээ.

Хэрвээ түүний томилгоог Сенат батлавал бага Роберт Ф.Кеннеди Эрүүл мэндийн департаментын харьялалд багтдаг 11 төрийн агентлагийг (үүнд АНУ-ын Хүнс, эмийн алба багтаж байгаа) удирдах болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *