Нью Йорк хот автозамын түгжрэлийн хураамж авдаг Америкийн анхны хот болно


9 сая орчим хүн амтай, АНУ-ын хамгийн том хот болох Нью Йорк хотод автозамын түгжрэлийн хураамж авах системийг нэвтрүүлэхээр болжээ.

Ингэснээр Нью Йорк хот Америкийн түүхэн дэх автозамын түгжрэлийн хураамж авдаг анхны хот болох гэж байна.

Нью Йорк мужийн захирагч Кэти Хочул түгжрэлийн хураамжийн талаар хийсэн албан ёсны мэдэгдэлдээ 2025 оны 1 дүгээр сарын 5-наас эхлэн хамгийн их замын түгжрэлтэй тодорхой замууд дээр дээрх хураамжийг авч эхлэнэ гэдгийг зарлахын хамт мөн энэхүү арга хэмжээ нь түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг тэмцэх, Нью Йоркын олон сая иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулан, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн гэдгийг онцолжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын метро, автобус зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагааг хариуцдаг Metropolitan Transportation Authority байгууллагын төсвийг дэмжих үүднээс уг төлөвлөгөөг боловсруулсан байна.

Анхандаа энэхүү арга хэмжээг өнгөрсөн 6 дугаар сард авч хэрэгжүүлэх гэж байсан ч зарим нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай зөвшилцөлд хүрээгүйн улмаас хойшлуулж, хураамжийн хэмжээг багасгаснаар ийнхүү ирэх оноос эхлэн Нью-Йорк хотын төв, Манхэттэн дүүргийн 60 дугаар гудамж руу нэвтрэх тээврийн хэрэгслүүдээс хураамж авахаар төлөвлөөд байна.

Тодруулбал тухайн хэсэгт өдрийн цагаар нэвтрэх суудлын автомашинуудаас 9 ам.долларын хураамж авах бол жижиг оврын ачааны машин болон нийтийн тээврийн бус жижиг автобуснаас 14.4 ам.доллар, том оврын ачааны машин болон жуулчны автобуснаас 21.6 ам.долларын түгжрэлийн хураамж авах үнэ тарифыг тогтоожээ.

Нью Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул энэхүү түгжрэлийн хураамж авах системийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трампыг тангараг өргөж, төрийн тэргүүний албандаа орохоос өмнө нэвтрүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Учир нь уг бодлого төлөвлөгөөг Д.Трамп эсэргүүцэж байгаагаас гадна Бүгд найрамдах намын орон нутгийн гишүүд ч хурцаар шүүмжилж, Д.Трампаас “энэхүү утгагүй төлбөр хураамжийн арга хэмжээг нэгмөсөн болиулж өгөхийг” шаардаж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *