12 жилийн өмнө хүний наймааны хохирогч болж, Хятад руу зарагдсан охиныг Монголд авчирлаа


2012 онд хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх оронд нь буцаан авчирлаа. Энэ ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага хамтран зохион байгуулав.

Н-ийг дөнгөж 16 нас хүрч байхад нь Улаанбаатар хотоос нэгэн эмэгтэй тэднийд очжээ. Тэр түүнийг хуурч Хятад руу дагуулан аваачаад, хятад хүнд эхнэр болгон заржээ. Н 2024 оны 5 дугаар сард хятад нөхрийнхөө утсаар Шилийнгол аймгийн Цагдаагийн газарт хандсан байна. Үүний үр дүнд БНХАУ-ын цагдаагийн байгууллага, Интерполын үндэсний товчоо хамтран Н-ийг хятад нөхрөөс нь салган авчээ.

Энэ хэргийг үйлдсэн монгол эмэгтэй, Н-ийг худалдаж авсан хятад эрэгтэй нарыг хүн худалдах гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгаж, удахгүй гэм бурууг нь шүүх хурлаар шүүх гэж байна.

Энэ талаар Н ийн ярьж байна. Н:

-Хотоос манайд 1 эмэгтэй очсон. “Би танай охиныг Улаанбаатарт аваачиж, ажилд оруулж, мөнгөтэй болгоно. Сайхан амьдруулна” гэж хэлээд, намайг авч явсан. Улаанбаатарт ирснийхээ дараа надад гадаад паспорт гаргуулж өгөөд, “Эрээнээс бараа татаж ирнэ” гээд намайг Хятад руу дагуулж явсан.

Эрээний зах дээр очоод намайг дагуулан, шууд хятадуудтай уулзсан. Тэнд дандаа гадаад хүмүүс байдаг юм байна лээ. Бүгд гадаадаар ярьж байсан. “Эд нар юу гэж ярьж байна” гэж намайг асуухад “Чи мэдэх шаардлагагүй. Яваандаа ойлгодог болно” гэж хэлсэн. Тэнд 3 хоносон. “Хоёулаа хэзээ бараагаа аваад, буцах юм бэ” гэж асуухад “2, 3 хоночихоод буцна” гэсэн. Ингэж намайг хуурч байсаар байгаад, Монголоос дахиад 1 хүүхэн аваачсан. Хуурч аваачсан.

40.000 гэдэг мөнгөөр намайг зарсан байна лээ. Гэмт хэргийн хохирогч болж байна гэдгээ би ерөөсөө мэдээгүй. Тэр хүүхэн намайг авч явахдаа юу ч хэлээгүй. Хүнтэй суулгана гэж ч яриагүй. Бизнес хийнэ ээ л гэж авч явсан.

-12 жилийн дараа ээжтэйгээ уулзахад ямар байна?

-Миний ээж хөгширсөн байна. Би аавтайгаа уулзаж чадаагүй. Миний аав бурхан болсон байна. Энд ирье гэхээр намайг ирүүлээгүй. Надад наашаа ирэх боломж байгаагүй. Миний бүх бичиг баримтыг авчихсан. Тэдний хэлийг ойлгохгүй. Хаана байгаагаа, хаашаа явахаа мэдэхгүй. Зүг чигээ ч мэдэхгүй байсан.

-Тэгээд яаж цагдаагийн байгуулагад хандав?

-Би нөхрийнхөө утсаар тоглож байгаад Өвөрмонголын Шилийнгол аймгийн цагдаагийн байгууллага руу ярьсан, “Би энэ хүнд зарагдчихсан юм аа. Бичиг баримт маань байхгүй. Бичиг баримтаа яаж янзлах вэ” гээд.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *