Амттанг орлодог байсан ааруул минь


Амттан чихрээр дутмаг ч ааруул ээзгийгээр элбэг бидний бага нас. Хонинд явахаасаа өмнө гэр өөдөө авирч, дөрвөлжин бор тавиур дээрх эмээгийн хатаасан ааруулаас хэдийг өвөртлөөд, мориндоо морддог байлаа. Тос даасан бор ааруул өег ч гэж янзын. Өдөржин өлсөхийн зовлонгүй хонио хариулна даа. Энэ үеийнхэн эрүүл шүдтэй, бие бялдрын хувьд ч эрүүл чийрэг. Надаар хэлүүлэлтгүй ааруулын ач тусыг бүгд мэдэх биз.
Гэтэл орчин үед ааруул идэх нь байтугай ааруул хийдэг хүн ч ховор болж. Нэг килограмм ааруул 69 мянга гээд фэйсбүүкийн од болоод амжсан эгчийг бүгд санах байх. Ааруул ховордох болсноос уу? Эсвэл малчид, малынхаа сүү цагаан идээг бэлтгэхээ больсноос уу? Ааруулын үнэ огцом өсөж байна. Ааруул эрт дээр үеэс монголчуудын өдөр тутам хэрэглэдэг, уламжлалт хүнсний нэг байв. Уураг, тос, С, Д, В, А амин дэмээр баялаг. Хүний биед олон шим тэжээл, амин дэмийг нөхөхөөс гадна шүдний эрүүл мэндэд хамгийн тустай.


Ааруул яагаад ховордох болов?
Орчин үеийн хүүхдүүд чихэр жимс, бургер, пиццагаар хооллох болсон. Хот гэлтгүй аймаг, сумдад ч адилхан. Айл болгон л сум, хотын төв бараадах болсноор хөдөө хонио хариулж, ааруул идээгээ бэлтгэх хүн ховордлоо. Малчид “Цагаан идээгээ худалдаад авчихна” гэж залхуурдаг болсон гэх яриа ч бий. Иймээс цагаан идээ бэлтгэж нийлүүлдэг цөөн хүмүүс үнэ нэмж, зарим нь янз бүрийн гурил хольж зардаг болсон. Нүүдлийн соёл минь бага багаар устаж байгаатай адил, ааруул цагаан идээ ч гэсэн түүх болон үлдэх юм гэж үү?


Хэврэг шүд ба цагаан идээ
Шүдний эмч нар хүүхдүүд ааруул, цагаан идээ хэрэглэхгүй байгаа учраас бага наснаасаа шүд нь хорхойтон, буруу ургадаг болсон гэж ярьдаг. Хүүхдийн шүдийг ургаж эхэлсэн цагаас ааруул, бяслаг, ээзгий идүүлж, бат бөх, эрүүл, зөв шүд хурдан ургадаг. Гэтэл өнөө үед хүүхдээ чихрээр хооллож, гаазтай ундаагаар цатгаж байна.10-11 наснаасаа шүдээ ломбодуулж, сувгийн эмчилгээ хийлгэж байна гэх. Ломбо унахаас айгаад хүүхдүүд төдийгүй томчууд хүртэл хатуу ааруул, ээзгий идэхээ больжээ.


“Эрхэт-Эрдэм” сургуулийн эмч М.Отгончимэг “Цагаан идээ, ааруулын хомсдол их байна. Би сургуулийнхаа хүүхдүүдэд “Чихэртэй ааруул битгий идээрэй” гэж хэлдэг. Ялангуяа хотоос ааруул худалдаж авах хэрэггүй. Зах дээр зарж байгаа ааруул “цэвэр ааруул” биш. Гурил, чихрийн хольцтой. Ийм ааруул хүүхдийн биед өгөх ёстой аминдэм, эрдэс бодисыг нөхөж чадахгүй. Эсрэгээрээ муу нөлөөтэй. Иймээс эцэг эхчүүд аль болох хөдөөнөөс чихэргүй, цэвэр ааруул худалдаж авч нөөцлөх хэрэгтэй. Манай монголчууд хүүхдийнхээ шүдний асуудлыг шийдэхийн тулд ааруул, цагаан идээ өдөр тутам идүүлж хэвшмээр байна” гэлээ.


Цагаан идээний ач тусыг тоочоод баршгүй. Бид эртнээс л айраг цагаагаа буцалгаж, ааруул ээзгийгээ идэж өссөн ард түмэн. Өөрчлөгдлөө, хувьслаа гэхэд ааруул ээзгийгээ хийхгүй болтлоо залхуурч зүгээр суух хэрэгтэй юү. Техник технологийн эрин зуун. Ааруул хэвлэгч машин хүртэл аль хэдийнээ гарсан. Бид сэтгэж хийж чадвал боломж үргэлж байдаг. Даанч залхуурлаа уртал болгож, амарчлах сэтгэлгээ нь дийлсээр байна. Иймээс л ааруул хийх ч, идэх ч хүн үгүй болж, амандаа бүтэн шүдтэй хүн үлдэхгүй болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *