БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг авлигын хэргээр шалгаж байгаа мэдээлэл цацагдлаа


БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Жуныг авлигын хэргээр шалгаж байгаа талаар Financial Times болон Reuters агентлагууд мэдээлээд байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн дээд албан тушаалтнуудын дундах авлигын хэргийг шалгаж байгаатай холбогдуулан түүнийг шалгаж байгаа гэнэ. Дун Жун нь Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа авлигын хэрэгт шалгагдсан гурав дах хүнээр тодорсон байна. Түүнийг авлига, хээл хахуулийн хэргээр шалгаж байгаа талаар Reuters агентлагийн зүгээс БНХАУ-ын ГХЯ болон БХЯ-уудад тайлбар хийх хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй байгаа гэнэ. Хятадын цэрэг армийн салбарт 2023 оноос эхлэн авлигын эсрэг томоохон арга хэмжээг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Ардын чөлөөлөх армийн 9 генерал болон агаарын зэвсэгт хүчний аж үйлдвэрлэлийн удирдах түвшний 4 албан хаагчийг БХАТИХ-ын гишүүний суудлаас нь авч хаяаад байгаа юм. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “батлан хамгаалахын салбарыг авлига, хээл хахуулиас ангид болгож, дайн тулааны бэлэн байдлаа улам бэхжүүлэхийг” энэ сард үүрэгдээд байгаа билээ. Хятад улс батлан хамгаалах, цэрэг армийн салбартаа ийнхүү авлигатай тэмцэх томоохон хэмжээний “цэвэрлэгээ” явуулж эхэлснийг тус улсын пуужингийн үйлдвэрлэлийн салбар авлигад идэгдсэнтэй холбоотой хэмээн барууны ажиглагчид тайлбарласаар ирсэн. Харин Дун Жуны хувьд өмнө нь Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн коммандлагч байсан ба 2023 оны 12 сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдож байсан. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Лаос улсад зохиогдсон олон улсын батлан хамгаалахын сайд нарын уулзалтанд оролцох үеэрээ АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ллоид Остинтой уулзалт хийхээс татгалзсан билээ. Түүний өмнө уг албыг хашсан Ли Шанфу ердөө 7-хон сарын хугацаанд ажилласан байдаг. Дун Жуны өмнө Батлан хамгаалахын сайдын албыг хашсан Ли Шанфу, Вэй Фэнхэ нар өнгөрсөн 6 дугаар сард “намын гишүүний сахилга бат, дэг журмыг ноцтой зөрчсөн” (их хэмжээний авлига авсан хэргээр) Хятадын Коммунист намаас хөөгдсөн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *