Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсжээ


Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 112 насандаа таалал төгссөн талаар гэр бүлийнх нь зүгээс мэдэгджээ. Жон Альфред Тиннисвуд даваа гаригт Их Британийн Саутпорт хотын ахмадын асрамжийн газарт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Өнгөрсөн 4 сард Хуан Перез Мора 114 насандаа таалал төгссөний дараа Гиннесийн амжилтын номын газраас Жон Альфред Тиннисвудыг дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодруулан нэрлэж байсан юм.

Жон Альфред Тиннисвуд 1912 оны 8 сарын 26-нд мэндэлж байсан бөгөөд 2020 онд Их Британийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорч байжээ. Түүний гэр бүлийнхэн болох охин Сьюзан, ач зээ нар болох Аннучка, Мариса, Тоби, Руперт, гуч Табита, Каллум, Нив нар нь мэдэгдэлдээ Жон Альфред Тиннисвудыг “амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг дуу хөгжим, хайран дунд өнгөрүүлсэн” хэмээн бичжээ.

Жон Альфред Тиннисвуд дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн армид логистик, хүнсний хангамжийн үүрэг гүйцэтгэгчээр алба хааж байгаад дайны дараа шуудангийн албанд, мөн Shell, BP зэрэг шатахууны компаниудад нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1972 онд тэтгэвэртээ гарч байжээ. Мөн тэрээр алхах их дуртай, хөл бөмбөгийн хоббитой, Ливерпулын багийн үнэнч хөгжөөн дэмжигч байсан ажээ. 100 насныхаа төрсөн өдрөөр Саутпортын ахмадын асрамжийн газарт нүүж очсон бөгөөд түүнийг 100 нас хүрснээс нь хойш Их Британийн хатан хаан II Элизабет, түүний залгамжлагч III Чарльз хаан жил бүр төрсөн өдрийн ил захидал илгээж байжээ.

Сонирхуулахад дэлхийн хамгийн өндөр насласан эрэгтэйн амжилтыг 116 жил 54 өдөр амьдарсан Япон улсын иргэн Жироемон Кимүра тогтоож байсан бөгөөд тэрээр 2013 онд таалал төгссөн юм.

Харин өнөөдрийн байдлаар хамгийн өндөр настай эмэгтэйгээр мөн л Япон улсын иргэн Томико Итоока нэрлэгдэж байна. Тэрээр өдгөө 116 настай юм.


One response to “Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *