Өнгөрсөн хавар “Oppenheimer” киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Кристофер Ноланы ээлжит шинэ уран бүтээл кино сонирхогчдын анхаарлыг татаж эхлээд байна.
Найруулагч Кристофер Нолан Universal кино компанитай хамтран дараагийн киноныхоо ажилд ороод байгаа бөгөөд одоогоор жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил үргэлжилсээр байна. Тэгвэл түүний шинэ бүтээлд Оскарын шагналт жүжигчин Шарлиз Терон тоглохоор болсон тухай мэдээлэл цацагдлаа. Шарлиз Тероны хувьд найруулагч К.Нолантай өмнө нь хамтран ажиллаж байгаагүй бол эсрэгээрээ Universal кино компанитай урт удаан хугацаанд хамтарч ажилласан түүхтэй.
Кристофер Нолан шинэ бүтээлдээ алдарт жүжигчин Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Зендеяа, Люпита Н’ьонго, Роберт Паттинсон нарыг хэдийнээ тоглуулахаар сонгоод байгаа ба жүжигчдийн багт ийнхүү Шарлиз Терон нэмэгдэн орж ирээд байна.
Найруулагчийн шинэ кино юуны тухай өгүүлэх, ямар агуулгатай байх нь одоогоор маш нууц байсаар байна. Киноны зураг авалт 2025 оны эхний хагас жилдээ багтан эхлэх тухай мэдээ байгаагаас гадна одоогийн байдлаар 2026 оны 7 сарын 17-ны өдөр зөвхөн Imax форматын кино театруудад нээхээр төлөвлөөд байгаа юм.