Канадын реппер Drake “Universal Music” лэйблийн эсрэг гомдол гаргажээ


Өнгөрсөн зун хэд хэдэн дуугаар харилцан “дисс”-лэлцсэн Канадын реппер Drake болон Америкийн реппер Kendrick Lamar нарын өрсөлдөөн дуусах болоогүй бололтой.

Drake тухайн үед өөрийнх нь эсрэг гарган цацаж байсан Kendrick Lamar-ын “Not Like Us” хэмээх дууг boost хийж, стриймингийн тоо хэмжээг нь хиймлээр нэмэгдүүлсэн хэмээн “Universal Music” лэйблийн эсрэг гомдол гаргажээ. Drake-ийн Frozen Moments LLC компанийн зүгээс “Universal Music” лэйбл болон Spotify компаниудын эсрэг Нью-Йорк хотын шүүхэд гомдол гаргасан бөгөөд Kendrick Lamar-ын дээрх уран бүтээлийг түгээхийн тулд ботууд, төлбөртэй стрийминг болон бусад “хууль бус” аргуудыг ашиглан нийт сонссон тоо хэмжээг нь органик бусаар нэмэгдүүлсэн хэмээн тэднийг буруутгажээ. 

Drake-ийн гаргасан гомдлын талаар “Universal Music” компанийн зүгээс хариу мэдэгдэл хийж, “түүний гомдлыг “түрэмгийлсэн шинжтэй худал гүтгэлэг” гээд, сонсогчид сонсохыг хүссэн дуу хөгжмөө л сонгож сонсдог” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн байна. Харин реппер Kendrick Lamar болон Spotify компанийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Хэдийгээр хип хоп хөгжмийн ертөнцөд дисс тулаанд ялагч байдаггүй гэж үздэг ч “Not Like Us” хэмээх энэхүү дууг хоёр репперын тулааны ялагчийг тодорхойлсон дуу болсон гэж дийлэнх сонсогч, мөн салбарын экспертүүд үзсэн юм. Kendrick Lamar-ын “Not Like Us” дуу нь Грэмми-гийн 4 төрөлд нэр дэвшсэнээс гадна Kendrick Lamar ирэх жилийн Super Bowl тэмцээний дундуур өөрийн шоу тоглолтыг үзүүлэхээр болоод байгаа билээ. Энэхүү дуу цацагдсан долоо хоногтоо 96 сая стрийм хийгдэж, Биллбордын жагсаалтыг тэргүүлж, богино хугацааны дотор томоохон амжилтыг тогтоож байсан бол Drake-ийн компаниас гаргасан гомдолд дээрх амжилт нь “хиймлээр хөөргөгдсөн” амжилт хэмээн буруутгажээ. Мөн уг дууг олон удаа давтан тоглуулах ботуудыг ажиллуулахад 2500 ам.долларын төлбөр авсан тухай нэгэн шүгэл үлээгчийн баримтыг гомдолдоо хавсаргасан байна.  

Ийнхүү Канадын реппер Drake Америкийн реппер Kendrick Lamar-ыг “GNX” хэмээх шинэ цомгоо цацсанаас ердөө хэдхэн өдрийн дараа шүүхэд гомдол гаргалаа. Сонирхуулахад Spotify дээр дэлхийн хамгийн өндөр стриймтэй уран бүтээлчийн жагсаалтын 13 дугаар байрт Drake бичигддэг бол Kendrick Lamar 23-т жагсч байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *