Хятадын старт-ап компани нисдэг таваг шиг хэлбэртэй eVTOL бүтээжээ


Хятадын старт-ап компани харь гаригийн нисдэг таваг шиг хэлбэртэй eVTOL бүтээснээ танилцуулжээ. 2019 онд байгуулагдсан, Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотноо байрлалтай Shenzhen UFO Flying Saucer Technology компани нисдэг таваг шиг хэлбэртэй энэхүү зорчигч тээврийн дроноо 2022 оноос эхлэн олон нийтэд танилцуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нисэх аппаратын загвар, технологийг шинэчлэн удаа дараа дэлгэн танилцуулсаар ирсэн байна. Жишээ нь Шэньжэнь хотноо 2023 оны 12 сард, Чиндао хотноо 2024 оны 6 сард, Ронжиань хотод 2024 оны 8 сард тус тус танилцуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү нисэх аппарат нь нам өндөрт буюу 10-30 метрийн өндөрт ажиллах чадвартай, 2 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна усан дээр бууж, мөн хөөрөх чадалтай ажээ.

Хятадад энэ төрлийн тээврийн хэрэгслийн өрсөлдөөн нэмэгдэж, зах зээл нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нам өндөрт нисдэг тээврийн хэрэгслийн зах зээл 276 тэрбум ам.долларт хүрэх тооцоолол байгаа талаар Хятадын Синхуа агентлаг мэдээлжээ. Ирээдүйн тээврийн хэрэгсэл хэмээн нэрлэгдэж байгаа, зай хураагуураар ажилладаг, байгальд ээлтэй уг нисэх төхөөрөмжийг eVTOL (electric vertical takeoff and landing) буюу “босоо чиглэлд хөөрч, газардагч цахилгаан төхөөрөмж” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү зорчигч тээврийн дроны өрсөлдөөнд дэлхийн олон старт-ап компаниуд ханцуй шамлан ороод байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *