Электрон тамхи эрүүл мэндэд хортой гэж ярьсаар бас татсаар. Тамхины эхүүн үнэр, Улаанбаатарын угаар, Төв цэвэрлэх байгууламжийн огиудас хүргэм үнэрт дассан шиг ээ бид электрон тамхины сэнгэсэн үнэрт хэдийнэ дасжээ. Муу, муухай юманд дасдаг ард түмэн дээ, хөөрхий. Эвгүй үнэргүй, амттай, биед хоргүй гэж ярьсаар өнөөдөр сургуулийн насны хүүхэд хүртэл электрон тамхинд донтож, уушги цоорох эрсдэлтэй нүүр тулаад байна.
Электрон тамхи уушги цоолж байна
Дунд, ахлах ангийн сурагчдын электрон тамхины хэрэглээ замбараагаа алдаж, багш нар арга мухардаад буй. Электрон тамхийг зөвхөн насанд хүрсэн хүнд худалдана гэсэн хууль байхгүй учраас мөнгө нь байвал захын дэлгүүрт ороод, яг л сүү, талх авч байгаа мэт худалдан авч болдог. Одоо бүр ТҮЦ хүртэл зараад эхэлжээ.
“Манай хүүхэд ерөөсөө бие нь өвддөггүй. Гэтэл хэд хоногийн өмнөөс цэртэй ханиалгаж, “Толгой эргээд байна” гээд орноосоо боссонгүй. Улаанбаатарын утаанаас л болж байгаа байх гээд эмчид үзүүлтэл “Уушги нь цоорсон байна” гэж оношиллоо. Гэтэл надаас нуугаад, 2 жил электрон тамхи татсан байна. Үүнээс болоод уушги нь цоорсон байж болзошгүй” гэж нэгэн ээж ярилаа.
Хүүхдүүд уг тамхины үнэр, амтнаас гадна бусдад гоё харагдах, “күүл” байх үүднээс анх хэрэглээд, улмаар донтож байгааг багш нар хэлж байсан юм. Монгол Улсын өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/ сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж буйг ДЭМБ судалгаагаар тогтоожээ. Электрон тамхины электрон никотин нь хүнд сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох өвчин үүсгэдэг байна.
Утаат тамхинаас гаргадаг нь үнэн үү?
“Электрон тамхи нь янжуураас 95 хувиар хор хөнөөл багатай” гэж электрон тамхи татдаг хүмүүс болон худалдаачид ярьдаг. 2015 онд хийсэн, хуучин судалгаанд тулгуурлан тэд ийм зүйл ярьдаг ажээ. Тухайн үед электрон тамхийг олон жил, удаан татсан хүн байгаагүй тул хэдхэн сар татсан хүмүүсийг судалгаанд хамруулсан юм байна. Электрон тамхи 2019 оноос улс орнуудад өргөн тархсан тул ДЭМБ удаа дараа судалгаа хийж буй. Электрон тамхийг олон сар, жил татвал хүний биед хор хөнөөлтэй, уушги болон зүрхэнд сөргөөр нөлөөлдөг химийн бодис агуулдаг гэдгийг ДЭМБ удаа дараагийн судалгаагаараа тогтоосон байна.
Гэтэл манайхан мууд дурладаг зан нь дийлж, хуучирсан, буруу аргаар хийсэн судалгааг ярьж, попорсон хэвээр.
Өсвөр насандаа электрон тамхи татсан хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг байна. Электрон тамхи амт оруулагч химийн нэгдэл агуулдаг учраас утаат тамхитай дүйцэхүйц хортой ч байж болох юм. Тамхи таван нас хорооно гэж ярьдаг. Тэгвэл өнгө, үнэр, амт гээд гоё болгохын тулд химийн олон бодис нэмсэн электрон тамхи хэдэн нас хороох бол? Хүүхдийн уушги цоолж байхыг бодвол энэ амьдралыг нь тэр чигт нь үгүй хийдэг болж таараад байна.
Электрон тамхинд донтуулах бодис байдаг
Утаат тамхи донтуулах бодис агуулдаг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл бидний “Ямар ч хорт нөлөөгүй. Тамхинаас гаргадаг” гэж буруу ойлгоод байгаа электрон тамхинд ч донтуулагч бодис буюу никотин байдаг. Үүнийг судалгаагаар тогтоожээ.
Электрон тамхины шингэн дотор никотин, глицерин, пропилен, гликол болон үнэр, амт оруулагч байдаг. Никотин бол байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Химийн шинжлэх ухаанд байгалийн хорт нэгдлийг алкалоид гэдэг.
MNS 5024:2013 стандартын дагуу янжуур тамхинд дээд тал нь 1.3 мг никотин байж болно гэж зөвшөөрдөг. Жишээ нь:” ESSE Change” 0.3 мг, “Parliament” 0,8 мг никотинтой. Харин электрон тамхи 25-100 мг никотин агуулж байна. Янжууртай харьцуулбал электрон тамхи 24-77 дахин их никотин агуулж байна.
Бусад улс электрон тамхинд хэрхэн хандаж байна вэ?
2023 оны 7 дугаар сараас эхлэн Бразил, Энэтхэг, Иран, Тайланд зэрэг 34 улс электрон тамхи татах, зарахыг хориглолоо. 74 улс, тэр дундаа Африкийн ихэнх орон, Пакистан, Колумб, Монгол зэрэг улс электрон тамхийг огт зохицуулаагүй бол 87 улс хууль, тогтоомжоор электрон тамхины хэрэглээг хянах шийдвэр гаргажээ. Тухайлбал: Австрали улсад электрон тамхины зах зээл өсөн нэмэгдэж байгаа аж. Үүнийг дагаад хүүхэд, өсвөр үеийнхэн тамхи татах, никотинд донтох нь нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Австралийн Засгийн газар никотин агуулсан эсэхээс үл хамааран бүх электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдахыг хориглов.
Монгол Улс электрон тамхийг хуулиар зохицуулаагүй
Манай улс электрон тамхийг хууль, дүрмээр зохицуулаагүй 74 улсын тоонд багтаж байна. Сурагчид электрон тамхи татах нь жирийн үзэгдэл болсон тул багш, эцэг эхчүүд уг тамхийг хязгаарлахыг хүсэж байна. Тиймээс 2023 оны 12 дугаар сард нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглосон. Уг захирамжид зааснаар, бичиг баримтыг нь шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг хүүхдэд худалдсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээ эрхлэх эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Гэвч засаг даргын энэ захирамж биелж байгаа нь ховорхон.
Сургуулийн ойр орчинд хүүхдүүд электрон тамхи хэрэглэх нь буурсан гэх үзүүлэлт одоогоор байхгүй. Сурагчид “Ээж аавыг таньдаг учраас хэлж магадгүй” гээд гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс электрон тамхи авдаггүй. Өөр газраас очоод авчихдаг. Үнэмлэх шалгадаггүй, зүгээр л өгдөг” гэж эмээх зүйлгүй ярьж байв. Нийслэлийн засаг даргын захирамж, журам амьдрал дээр хэрэгжихгүй байгаа учраас улсын хэмжээнд хуулиар зохицуулах хэрэгтэй гэж албаны хүмүүс хэлж байна. Би үүнтэй санал нийлж байна. Та ч санал нийлнэ биз дээ?