Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, ванн, паркетан шалыг хулгайлжээ


“Эдү апартмент” буюу дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас ванн, суултуур, хаалга, хулгайд алдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн байна. Энэ мэдээллийн дагуу шалгахад, иргэн Д-н эзэмшлийн орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, паркетан шал, паар зэрэг эд зүйлс алдагдсан байжээ. Эдгээр эд зүйлсийг 29-32 насны гурван этгээд хулгайлсныг цагдаагийн байгууллага тогтоолоо.  

207-р байр одоогоор эзэнгүй байгаа гэж хэлж болно. 2024 оны эхэнд /2024.01.24/  “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар дээр гааз тээвэрлэж явсан машин суудлын машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрсэн. Уг ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон юм. Тэд өнөөдөр түрээсийн байранд амьдарч байна.

Тус гал түймрийн улмаас нийслэлийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллага мэдээлсэн юм. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын даргын захирамж гарсан. Байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *