Улаанбаатар хот 2023 онд метрогоо ашиглалтад оруулсан бол яг болох байлаа” гэж Балба улсын Трибхуван их сургуулийн Инженерийн сургуулийн профессор Сурьяа Раж Ачарья “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт суурилсан хөгжил” үндэсний семенарын үеэр онцоллоо. Түүний үзэж байгаагаар бид барианы зурхайд товлосон цагтаа очсонгүй. Хоцрох нь тодорхой байгаа ч хэт их хоцорч бас болохгүй. Нэгэнт бид оройтон хөдөлж байгаа бол ширүүхэн дайрах шаардлагатай байна.
Улаанбаатар хот 2023 онд метрогоо нээсэн бол цагаа олох байжээ
Сурьяа Раж Ачарья 2007 онд өөр нэгэн эрдэмтэнтэй хамтран, Дэлхийн 46 хотын өгөгдөлд тулгуурлан “Орлого ба хүн амын нормчилсон индекс” боловсруулжээ. Тухайн улсын орлого, 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, хотын хүн амын тоонд тулгуурлан гаргадаг уг аргачлалаар аливаа хотын индекс 0.73-1.27 байвал метро ашиглахад тохиромжтой гэж үздэг ажээ.
Уг аргачлалаар Улаанбаатар хотын индексийг 2023 онд тооцоход 0.86 гарсан байна. Энэ бол манай нийслэл өнгөрсөн жил метрогоо ашиглалтад оруулан, нээлтээ хийх шаардлагатай байжээ гэсэн үг юм. Э.Бат-Үүлийг метро байгуулах санаачилга гаргахад нь шууд дэмжээд, ЖАЙКА-гаар хийлгэсэн ТЭЗҮ-ийг нь хэрэгжүүлсэн бол бид өнөөдөр метрогоор сүнгэнэж явах байлаа. Даанч бид Монголыг биш махан биеэ боддог улстөрчдийнхөө балгаар мөрөөддөг л улс болчихсон юм даа. 2014 онд метро барьж эхлээд, 2020 онд метрогоор зорчих төлөвлөгөөг улстөрчид л нураасан юм.
Цаг хугацаа өнгөрч, монголчуудын орлого сайжран, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэн, хотын хүн ам олшрохын хэрээр дээрх индекс нэмэгдэнэ. Тэгж ч байгаа. Тэгэхээр манай хот ядах нь ээ дараа жил, бүүр оройтлоо гэхэд 2026 онд метрогоо нээвэл тохиромжтой байжээ. Гэвч бид тэгж амжихгүй л дээ.
2024 оны 5 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 онд метрогоо ашиглаж эхэлнэ гэж Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нондин мэдэгдэж байлаа. Гэвч энэ жил бид дөнгөж тендер зарлаж, хөрсний судалгаагаа л эхлүүлэх шив. Юун барилгын ажил эхлүүлэх. 2025 оны 2 дугаар сард ТЭЗҮ-ээ шинэчилнэ гэж байгаа.
Тэгэхээр манай хот ядах нь ээ дараа жил, бүүр оройтлоо гэхэд 2026 онд метрогоо нээвэл тохиромжтой байжээ. Гэвч бид тэгж амжихгүй л дээ
“Улаанбаатар метро” төсөлд зөвлөхөөр тендерт шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компанийн ерөнхий захирал Пак Сүн уг төслийг хэрэгжүүлэхэд 75 сар зарцуулна гэж энэ нийслэлийн засаг дарга Х.Нямбаатартай гэрээ байгуулахдаа мэдэгдсэн юм. Тэгэхээр бид 6 жилийн дараа буюу 2030 оны намар л метроны бараа харах бололтой. Тэр үед Улаанбаатар хотын индекс 1.27 гэдэг үзүүлэлтийг аль хэдийнэ давж, метро байгуулахад оройтсон гэдэг ангилалд орчих биз дээ.
Метрог хэзээ байгуулах ёстой вэ?
Аливаа юм цагтай. Нар, Сар байраа солих, цэцэг, цас хоёр ээлжлэх нь хүртэл цагтай Дэлхий манайхыг метро байгуулахыг хүлээнэ гэж гонжийнжоо. Токио, Лондон, Парис мэтийн ухаантай удирдагчтай, эв түнжинтэй улстөрчидтэй хотууд алсын асуудлыг урьдчилж хараад, урьтаад метро байгуулчихжээ. Харин Сингапур, АНУ, Монгол мэтийн алсыг нөлөөт шилний цаанаас харчихсан улсууд метро байгуулах боломжит цагийг алдаж, зам дээрээ таг түгжигдсэн улс болжээ.
Сингапурын улстөрчид 1970-1980 онд тусгай замын автобус, метроны аль нэгийг байгуулахаа шийдэж чадалгүй, цэц булаалдсаар 10 жилийг алдсан байна. АНУ 1950-иад онд хотуудаа төлөвлөхдөө ирээдүйн хүн амынхаа тоог цөөн байхаар тооцож, машинд зориулсан хот болгон хөгжүүлжээ. Зам дээр нь машин багтахаа баймагц замаа өргөтгөөд, гүүр нэмж тавиад л байж. Яг л манайх шиг. Тэдний хот төлөвлөгчид 1970 онд алдаагаа ухаарч, нийтийн тээврийн салбартаа асар их хөрөнгө хаясан ч нэгэнт хувийн машин хөлөглөж дассан америкчууд түүнээсээ буусангүй. Хот нь ч талаар нэг цацсан шагай шиг юм болж, тэр бүхэн рүү дэд бүтэц татахад маш их мөнгө зарцуулж байна. Хожим метро байгуулсан ч талаар нэг тарсан хауснаасаа метроны буудал хүртэлх 2-3 км замыг юугаар туулахаа америкууд бодоод олсонгүй. Иргэд метроны буудлын эргэн тойрныг машины зогсоол болгож, улмаар зогсоолдоо машин нь багталцахаа байж.
Гүржийн 1.26 сая хүнтэй Тбилиси хот метроны 2 шугамтай. 27.3 км урт метротой. 1964 онд нээсэн метрогоор нь өдөр бүр 500 мянган хүн зорчдог. Яг л манайх шиг цөөн хүнтэй энэ хот 60 жилийн өмнө метро байгуулаад, түгжрэл гэдэг толгойны өвчин тусалгүй хөгжиж байна. Хэт жижиг хот ч метро байгуулан, амжилттай ашиглаж болохыг Тбилиси харуулдаг.
Тайванийн Тайпэй хотын иргэд 1990 он гэхэд метрогоор зорчиж хэвшжээ. Хотын дарга нь хүртэл метро хөлөглөж яваад, 2015 онд иргэдэд “баригдаж” бөөн дуулиан дэгдээсэн юм даг. Колумбын Медельин хот 2.7 сая хүнтэй ч 1995 онд нээсэн 31 км урт метрогоор нь одоо өдөр бүр 600 мянган хүн зорчиж байна. Эдгээр жишээнээс үзвэл метро байгуулахад хот жижигддэггүй, хүн цөөддөггүй ажээ. Жижиг хотууд ч метро байгуулаад, ашигтай ажиллуулж, асуудлаа шийдэж байхад бид яагаад болохгүй гэж.
Улаанбаатарын иргэд метро байгуулахыг эсэргүүцдэггүй. Анх метро байгуулах тухай яриа өрнөхөд л хэзээ бол хэмээн хүлээсэн. Метро байгуулна гэж худал амладаг улстөрчдийг үгэндээ хүрсэнгүй гэж л шүүмжилдэг. Харин одоо Х.Нямбаатарыгаа урьд урьдынхаас илүүтэй шавдуулахгүй бол барианы зурхайд хэтэрхий оройтож очих гээд байна.