Гадаад харилцааны яам харийн нутагт амиа алдсан иргэнийхээ араас асууж сураглах эрхгүй юм гэж үү? Өнөөдөр Time.mn сайт харь хол хүний нутагт амиа алдсан монголчуудынхаа амь нас, эрх ашгийг нэхэн энэхүү нийтлэлээ бичиж байна.
Нутагт нь амиа алдсан монгол залуугийн араас гашуудсан солонгосчууд жагсаж байна. Тэд осол гарсан үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгахыг шаардан, уриа, лоозон барьжээ. Учир нь одоогоос нэг сарын өмнө БНСУ-ын Жооллабукдугийн Гимжеси мужийн Бэксанмён хот дахь тусгай зориулалтын машины үйлдвэрт ажиллаж байсан, 30-аад насны монгол залуу тоног төхөөрөмжид хавчуулагдан гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм.

2022 онд барилга дээр засвар хийж байсан хоёр монгол эрэгтэй нурангид дарагдаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар Солонгосын хэвлэлүүд бичиж байв. Өмнөд Солонгост ажиллаж байгаад амиа алдсан монгол залуусын цуваа үүгээр тасарсангүй. Ердөө гуравхан хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 30-ны 21:00 цагт БНСУ-ын Кёнги мужийн Ансон дахь бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарч, Монгол Улсын 20 настай иргэн амиа алдлаа. Энэ талаар Ансоны Цагдаагийн газраас мэдээлснийг дор хавсаргав.
Цэл залуухан энэ залуу харийн оронд хөдөлмөрлөж буй олон мянган монголчуудын нэг.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам эдгээр хэргийн араас хөөцөлдөж, монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, амийг нэхэх учиртай байтал амандаа ус залгисан мэт дуугүй суусаар. Гэтэл тэдний өмнөөс солонгосчууд жагсаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэхэж байна. Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам солонгосчуудын өмнөөс ичээсэй.

Та бүхэн хангалттай сонссон биз ээ, 2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэргийн талаар. Тус хэрэг зөвхөн Монгол төдийгүй гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөндөгдөж, Дэлхий даяар дуулиан тарьсан. Түүний аав С.Шаарийбуу Гадаад харилцааны яам, Монголын төр, засаг иргэдийнхээ төлөө хангалттай ажиллахгүй байгааг цөхөртлөө хэлсээр яваа.
Монголын төр харьд байгаа иргэддээ анхаарал бараг тавьдаггүй гэж олон нийт байнга шүүмжилдэг.
Өчнөөн Монгол иргэний эрх ашиг зөрчигдөж, алтан амиа харийн оронд өргөж байхад тэдний төлөө Гадаад харилцааны яам яг юу хийж байна вэ? Дипломат харилцаа тогтоосон, Элчин сайдын яам, Консулын газартай атлаа монголчуудынхаа эрх ашиг, амь насыг хамгаалах тал дээр ямар ажил хийв? Амь алдсан иргэдийнхээ эрх ашгийг нэхэж, хойноос нь хөөцөлдөж байна уу? Ингэх эрхгүй юм гэж үү?
Угтаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлж, иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах нь Гадаад харилцааны яамны тэргүүлэх чиглэл байх ёстой. Атал хууль зөрчдөг, хормой сөхдөг, хонго илдэг албан тушаалтнуудаа гадаад руу Элчин сайд, Консулаар илгээж, Монголын нэрийг шороотой хутгаж байна. Өнөөдүүл нь энд байсан шигээ үүргээ умартаад, төрийн ажлыг унагаж, амралт, сувилалд байгаа мэт аашилж байна.
Сайд буугаад элчинд…
Бух буугаад тэргэнд гэдэг үг зүгээр ч нэг гараагүй. Гадаад харилцааны яам харийн оронд эрх ашиг нь зөрчигдсөн, зөрчигдөж буй монголчуудынхаа эрхийг хамгаалах, амь насаа алдсан монголчуудынхаа араас хөөцөлдсөн үү? Бид асуух эрхтэй.
Харийн улсад амиа алдсан монголчуудын тоо нэмэгдсээр байг уу. Хэдий болтол хүний нутагт ажиллаж амьдарч буй монголчуудынхаа араас хөөцөлдөхгүй, тэдний эрх ашгийг хамгаалж дуугарахгүй, амандаа ус балгасан мэт чимээгүй байх вэ?
Уг нь бид харьяалах улстай, хамгаалуулах төртэй, ирэх эх оронтой билээ.
2 responses to “Монголчуудын амь нас харийн оронд үнэгүйдэж байна”
Үнэн шүү. Элчин сайдын яам дууд бас иргэдийнхээ төлөө юм хиймээр байна. Хийж байгаа ажил нь мэдэгддэггүй. Хааяа үйлчилгээ авахад л их хүнд сурталтай санаачлагчгүй санагддаг.
Үнэн. Элчин сайдын яам дууд бас иргэдийнхээ төлөө юм хиймээр байна. Хийж байгаа ажил нь мэдэгддэггүй. Хааяа үйлчилгээ авахад л их хүнд сурталтай санаачлагчгүй санагддаг.