Нэг шуудай сайжруулсан шахмал түлш үйлдвэрээс 20.800 төгрөгөөр гардаг. Энэ бол нэг ч төгрөгийн ашиг нэмээгүй, үйлдвэрийн үнэ. Гэтэл үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг. 17.050 төгрөгийн зөрүүг хэн төлсөн бэ?
Нийслэлийн иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэн, зах зээлд худалдсаар 5 жилийн нүүр үзлээ. Ингэхдээ үйлдвэрээс нэг шуудай шахмал түлшийг 20.800 төгрөгийн зардал гаргаж үйлдвэрлэдэг ч иргэдэд 3750 төгрөгөөр борлуулдаг. Ийн тус компани 1.2 их наядын алдагдалд орж, Улаанбаатарын утаа ч буурсангүй.
Тус компанийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх асуудал 2023 оноос яригдаж, он дамнан сунжирсаар, 12 дугаар сарын 1-нээс төрийн өмчийн мэдлээс нийслэлийн мэдэлд шилжлээ. Ингээд өчигдөр хотын дарга Х.Нямбаатар “Тус компанид шалгалт оруулж, ажилчдыг нь 50 хувиар цомхтгоно” хэмээн мэдэгдэв. Арга ч үгүй биз.
Үйлдвэрээс 20 мянган төгрөгөөр гарч буй шуудай түлшийг иргэд 3750 төгрөгөөр худалдан авч байхад цаана нь 17.050 төгрөгийн зөрүү гарч, түүнийг юугаар нөхсөн бэ гэдэг асуулт яах аргагүй гарч ирэв. Үндсэндээ 5 жилийн хугацаанд энэ компани ямар ч үр ашиггүй ажиллаж, Улаанбаатарын утааг бууруулах гол ажил үр дүнд хүрсэнгүй. Төлөөсийг нь татварын мөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэндээр төлөх шив.
Өнгөрсөн жил хийсэн нүүрсний сонсголын үеэр “Тавантолгой түлш” компани нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан” гэдэг мэдээлэл ил болсон юм. Энэ компани баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Сонгинохайрхан дүүрэгт байрладаг баруун бүсийн үйлдвэр нь жилд 600 мянган тонн, Баянгол дүүрэгт байрладаг төвийн бүсийн үйлдвэр нь 200 мянган тонн, Төв аймагт байрладаг зүүн бүсийн үйлдвэр нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.
Харин өнөөдрийн байдлаар 550 мянган тонноор үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмжээ. Гэтэл нийслэлийн 185 мянган өрх жилдээ 400 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Ингээд харахад дээрх тоон утгууд бүгд зөрж байна.
Тиймээс ч хотын мээр Х.Нямбаатар “Тавантолгой түлш” ХХК-д нүүрлэсэн хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрэхгүй гэдгээ эрс мэдэгдэж, арга хэмжээ авахыг үүрэг болгов.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллах байхдаа агаарын бохирдол, утааг бууруулахад сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь зөв хэмээж, түүний шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, оронд нь шахмал түлш шахсан. Түүнээс хойших 5 жилийн дотор дорвитой өөрчлөлт түй ч гарсангүй. Угаарт нь иргэд нь амиа алдаж, утаа нь өтгөрч, хор уршиг нь дийлдэхээ болив. Үйлдвэр нь их наядаар тоологдох алдагдалтай, үр ашиггүй, данхар бүтэцтэй ажилласаар.
Төрийн өмчийн компанийн үр ашиггүй байдал, их наядын алдагдлын хариуцлага энд яригдаж байна. Алдагдлын нөхөөсийг татварын мөнгөөр төлөх үү. Хариуцлага хүлээлгэх албан тушаалтан байна уу?
Үйлдвэрээс 20 мянган төгрөгөөр гарсан түлшийг яагаад 3750 төгрөгөөр борлуулж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “2018 онд “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Манай компани төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тухайн үеийн буюу 2018 онд ТЭЗҮ, зах зээлийн судалгаа, инфляц бүх зүйлийг судлаад, нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулах шийдвэр гарсан. Төрөөс энэ үнийг гаргасан. Шахмал түлш үйлдвэрлэх түүхий эд, шуудай, тээвэрлэлт, хадгалах агуулах, хүн хүч гээд бүх зардал нь нийлээд, 20.800 төгрөг болж байгаа гэсэн үг. Манайх бизнесийн байгууллага биш. Төрөөс тогтоосон үнээр шахмал түлшийг борлуулж буй. Үүнд нуугаад буй зүйл огт байхгүй. Угтаа нэг шуудай шахмал түлшийг 12 мянган төгрөгөөр зарах судалгаа гарсан ч “Ийм үнээр иргэд авч чадахгүй. 3 дахин бага байлга” гээд 3750 төгрөг болгосон. Ингээд алдагдлууд нь хуримтлагдсаар нийт 1.2 их наяд төгрөгт хүрсэн” хэмээн тайлбарлав.