Инфлюсерүүдийн сурталчилгаанд итгэж, бараа бүтээгдэхүүн захиалаад хохирсон хүн Монголд зөндөө. Үүний томхон жишээ бол “Эрхэт Монгол” группийн “Хайрын хот” хотхон. Тус хотхонд байр захиалсан олон иргэн байдаг.
Баримт 1: “Бид Одзаяа, Заяа нарын сурталчилгааг хараад, “Хайрын хот” хотхонд хаус авахаар болсон. Сурталчилгааны үеэр тэд “Маш гоё хотхон баригдаж байгаа. Хурдан ашиглалтад орно” гэсэн. Тиймээс 2022 оны 3 дугаар сард захиалга өгсөн. Тэр үед ам метр нь 1 сая 800 мянган төгрөг гэж байсан. Тиймээс 10 ам метр талбайтай байшин авсан. Түүнээс хойш уг хаус ашиглалтад ороогүй. Иймд бид таван удаа өргөдөл өгч, гомдол гаргасан. Очих болгонд “Манайх удахгүй хаусаа барьж эхэлнэ. Жаахан хүлээж бай” гэдэг. “Мөнгө өө авъя” гэж маш олон удаа өргөдөл өгөхөд “Манай захирал гадагшаа явсан”, “Ажилтай яваа” гэхчлэн янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өдий хүрсэн.
Бид нөлөөлөгчдийн сурталчилгаанд итгэж, тэр компанид мөнгөө өгсөн. Олон хүн энэ компанид захиалга өгсөн. Гадаадаас хаус захиалсан хүмүүс ч бий. Хамт өргөдөл өгсөн хүмүүсийн тоо 60 дөхсөн. Гэвч хууль хяналтын байгууллага нь “Шалгаж байна” гээд гурван жил болж байна. Энд бас нэг асуудлыг тодотгож хэлэхэд, олны танил хүмүүс хариуцлагатай баймаар юм” гэлээ.
Баримт 2: Энэ оны 6-р сард 52 настай эмэгтэй “И” гэх эмнэлэгт хэвлийгээсээ өөх соруулах хагалгаанд орж, эрүүл мэндээ эрсдэлд оруулсан байна. Тэрбээр 2023 оны 12 дугаар сард 17 сая төгрөг төлж, 5-6 цаг үргэлжилсэн мэс заслаар 7 кг орчим өөхөө авахуулсан байна. Гэвч хагалгаанаас хойш 4 дэх хоногоос халуурч эхэлжээ. Ингээд хагалгаа хийсэн эмнэлэгтээ очтол эмч нь “Таныг манайх дийлэхгүй нь. Дотроо лабораторитой том эмнэлэг бараад” гээд явуулжээ.
Уг эмэгтэй “И” эмнэлгийг сонгох болсон шалтгаанаа нөлөөлөгчдийн нөлөөнд автсантай холбон тайлбарлаж байна. Тэрээр нэвтрүүлэгч Ч, аялагч-хөтлөгч Г, жүжигчин П нарын олны танил хүмүүс тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн тухайгаа сурталчлан ярихад нь итгэл үнэмшил төрж, тэнд хагалгаанд орохоор шийджээ.
Алдартай хүмүүсийн амаа цууртал сурталчилсан өнөөх эмнэлгээр энэ хүн үйлчлүүлээд, цоорхой гэдэстэй, хагалгааны оёдол нь эдгэхгүй 6-7 сар явжээ.
Инфлүүсэрүүдийн үг бүхэн үнэн биш
Сошиал медиагийн эрин зуунд “нөлөөлөгч” гэсэн нэр томьёог хаа сайгүй хэрэглэх болсон. Эдгээр хүн сэтгэл татам төрх, бүтээлч байдал, анхаарал татсан контентоороо олон дагагчтай болсон. Ингээд ард иргэдийн гэнэн итгэмтгий занд дөрөөлөн,гойд сайхан маркетинг хийж, бариагүй барилга, эрсдэлтэй эмчилгээ гэх мэт бараа, үйлчилгээ сурталчлан, бусдыг хохироосоор. Гэвч тэдэнд хэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй.
Тиймээс хүмүүс нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байх шаардлага үүсэж байна.
Одоо олон хүн инфлүүсэр болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна. Маркетингийн мэргэжилтнүүдийн дунд хийсэн 2019 оны судалгаагаар маркетерүүдийн 80 хувь нь “Бизнесийн аливаа шинэ бараа, бүтээгдэхүүнийг сурталчлахад, бусад зар сурталчилгааны сувгаас инфлүүсерүүд илүү үр дүнтэй байдаг. Маркетингийн төсөвтөө инфлүүсер маркетинг хийлгэх мөнгө төсөвлөдөг” гэж хариулжээ. Инфлүүсэр бол эдийн засгийн хамгийн үр ашигтай маркетингийн суваг аж.
Францад инфлүүсэр хууль зөрчвөл хаягийг нь хаадаг
Олон дагагчтай, пост, шэйрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй инфлүүсэрийг ашиглан, бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл боллоо. Гэхдээ Монголын инфлүүсэрүүдийн үг бүхэн үнэн биш гэдгийг олон жишээ харуулж байгаа юм. Гэвч нөлөөлөгч нарт хүлээлгэх хуулийн хариуцлага Монголд алга.
Харин олон улсад нөлөөлөгчдийн үйл ажиллагааг хуулиар ингэж зохицуулдаг
Францад нөлөөлөгчид тодорхой төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглодог. Жишээлбэл:
- Гоо сайхны ямар нэгэн мэс засал
- Эмчилгээ орлуулах бүтээгдэхүүн болон арга техник
- Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ (Ялангуяа крипто хөрөнгө)
- Мөрийтэй тоглоом (Насанд хүрээгүй хүмүүст сурталчлахыг хориглоно)
- Никотин агуулсан бүтээгдэхүүн (Электрон тамхи, “IQOS” төрлийн халаадаг тамхины төхөөрөмж)
- Тамирчин, спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор эм, бэлдмэл сурталчлахыг хориглоно.
Хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн нөлөөлөгчийн хаягийг хаадаг байна.