“Би айлын ганц охин. Найз залуутайгаа жил орчим үерхээд хүүхэдтэй болсон. Гэвч тэр залуу өөр охинд хайртай гэж хэлээд намайг охинтой минь орхиод явсан. Тэр үед би 21 настай байв. Хүүхэдтэйгээ хамт найз залуудаа хаягдсанаа аав, ээждээ хэлж зүрхлээгүй. Охиноо өлсгөхгүй гэсэндээ хүнээр харуулж, өөрөө ажил хийнэ. Удалгүй аав, ээж минь миний нууцыг мэдэж “Залуучууд арчаагүй, хариуцлага хүлээх чадваргүй болсон. Ямар сайхан байх үед нь хайрлаж, өөрийн болгосноо мартаад, өөр нэгнийг илүү хараад яваад өгдөг” гэж өдөр бүр л хэлнэ. Ийн тэр цэл залуухан насандаа ээж болохын зэрэгцээ мөрөөдөж байснаас тэс өөр амьдралд хөл тавьж, ганц бие ээжүүдийн эгнээнд элсжээ.
Магадгүй та энийг уншаад эхнэр, хүүхдээ хаясан залууг буруутгана биз. Тэгвэл жирэмсэн болоод хоцорсон эмэгтэйг ч зөвтгөхийн аргагүй. “Аяндаа болдог юм. Эртхэн хүүхэдтэй болсон нь дээр”, “Хүүхэд өөрөө өсчихдөг” гэсэн үгийг Та олны амнаас олонтаа сонссон биз дээ? Эдгээр үгсийг сүүдэр мэт дагалдах хариуцлага гэх зүйлийг залуус умартаад байх шиг. Тиймээс хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс зугтаж, ухамсартай эцэг, эх байж чадахгүй байна. Гэр бүл төлөвлөх гэдгийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй залуусаас болж, “Эцэггүй хүүхэд” олширч байна. Үнэндээ “Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харах”-ыг эмэгтэйчүүдэд эрчүүд тулгадаг. Тэд өөрсдөө тэгж чаддаг гэж үү?
Гэр бүл, хүүхдийг төлөвлөх гэдэг асуудал орхигдсоны гор энэ. Эцэг, эх болох ямар ч бэлтгэлгүй атлаа бэлгийн харилцаанд орж, төлөвлөөгүй, хүсээгүй хүүхэдтэй болцгоож “Хүүхэд хүнстэйгээ ирдэг”, “Хүүхэд бол бурхны бэлэг” гэх үгсээр бие биесээ хөөргөдөж, насанд хүрээгүй эцэг, эхчүүдийн тоог нэмж байна. Өнөөгийн нийгэмд төлөвлөлтгүй гэр бүл, хүсээгүй жирэмслэлтээс болж эцэггүй хүүхэд, ганц бие ээжүүдийн тоо нэмэгдсээр.
Угтаа гэрлэлтээ батлуулахгүйгээр хүүхэдтэй болж хоцорсон бол шүүхэд хандан, хүүхдэдээ эцэг, эх тогтоолгох шинжилгээ хийлгэж, тэтгэлэг тогтоолгох эрхтэй. Гэвч хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж хаана хандахаа мэдэхгүй явсаар хариуцлагаа нэхэхгүйгээр нэг л мэдэхэд хүүхдээ 18 нас хүртэл нь ганцаараа өсгөчихсөн эх олон.
2023 онд өрх толгойлсон ээж 54.863 байв. Тэр жил 4776 хос гэрлэлтээ цуцлуулж, өрх толгойлсон эхчүүдийн тоог нэмжээ. Үүний цаана гэрлэлтийн баталгаагүй хэдэн хүн байдгийг, тэдний хэчнээн нь салж, хүүхдээ хохироож байгааг таашгүй.
Хэдхэн хоногийн өмнө эх нь 5 сартай хүүхдээ нийтийн байранд үлдээгээд явсан хэрэг гарсан. Эцэг, эхийг нь орон даяар хайж байгаа. Энэ мэтчилэн “Хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй” гэх шалтгаанаар төрүүлсэн үрээ таарсан газартаа хаях үзэгдэл нийгэмд үе үе гарч байна. Тэгвэл хүүхдээ хаясан ээж, аавд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Нярай хүүхдээ хаясан бол зөвхөн эхэд хариуцлага тооцож, торгох, хорих арга хэмжээ авдаг. Тэднийг хамтад нь хаясан эцэг ямар ч шийтгэлгүй үлддэг. Тэд гэмгүй царайлан явсаар, хүүхэд бий болгож, хаяж “гаршдаг”. Тиймээс нярай хүүхдээ хаясан эх, хаяхад хүргэсэн эцэгт хамтад нь хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих шаардлагатай байна.
Одоогийн байдлаар нярай хүүхдээ хаясан эх доорх хуулийн хариуцлагыг хүлээдэг.
• 10.5 дугаар зүйл. Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
• 16.3 дугаар зүйл. Хүүхэд хаях гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Бүр цаашлаад эцэг, эх байх эрхийг нь хасаж хүүхдийг нь асрамжид авах хүртэлх арга хэмжээг авдаг тогтолцоотой.
Б.Оюун-Эрдэнэ: Хүүхэдтэй болохоосоо өмнө төлөвлө
“Гэр бүл төлөвлөлт гэдэг бол хосын нийгэм, эдийн засаг, сэтгэлзүй, боловсролын байдалдаа тохируулан, хэдэн жилийн зайтай, хэчнээн хүүхэд төрүүлэх, хүүхдээ хэрхэн өсгөх, мөн санхүүгийн чадамжаа тооцоолох, тогтвортой амьдрал бий болгох, хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлахыг хэлнэ. Залуусын дунд эдгээр төлөвлөгөө байхгүй учир хүүхэдтэй болчхоод салах тохиолдол элбэг байгаа юм” гэж сэтгэлзүйч Б.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Үндсэндээ залуучууд нэг шөнийн жаргалын ард ямар их хариуцлага үүрэхээ тооцоолдоггүй. Иймээс хүүхэдтэй ээжүүд, эцэг эхгүй хүүхдүүд олширч байгаа юм. Хамгийн наад зах нь хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй, оюутан, хариуцлага хүлээх чадваргүй байгаа бол жирэмслэлтээс хамгаалах олон аргыг хэрэглэж болно. Хаана ч хариуцлага. Өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхийн тоог нэмэхгүйн тулд залууст гэр бүлийн боловсролын талаар А-Я хүртэл заах болж байх шиг.