Сэтгэл санааны хохирол барагдуулах асуудал “цаас” төдий байна


Баримт 1:

2023 оны есдүгээр сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилтын замд 12-13 насны охид явган хүний гарцаар гарч яваад, автомашинд дайруулсан. Ослын улмаас охидын нэг нь бурхан болж,  нөгөөх нь хүнд гэмтсэн. Тус хэргийн шүүх хурал 2023 оны 12-р сарын 5-нд болж, осол гаргасан жолооч М-д 4 жил 6 сар хорих ял оноож, талийгаач охины ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирол болох 161 сая төгрөг, гэмтсэн охинд сэтгэл санааны хохирол 11 орчим сая төгрөг төлүүлэхээр тогтоож өгсөн байдаг ч одоогоор нэг ч төгрөг аваагүй гэх.

Баримт 2:

2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотын Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин нас барж, 4-14 настай 5 хүүхэд, 1 том хүн гэмтсэн юм. Тус ослын буруутан болох О-д шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилээр хасаж, 2 жил хорих ял оноосон. Мөн хохирогчдын сэтгэл санааны хохирол болох 168 сая төгрөгийн нөхөн төлбөрийг 5 жилийн дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хохирогчдын аль аль нь сэтгэл санааны хохирлоо одоогоор авч чадаагүй байна.

Энэ мэтчилэн буруутай этгээд хорих ял авсан бол сэтгэл санааны хохирлоо мөнгөн хэлбэрээр төлүүлнэ гэдэг үнэн хэрэгтээ үлгэр болдог талаар дээрх хэргээс хохирч үлдсэн хүмүүс хэлж байна.

Манай улс эрүүгийн 84 төрлийн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцох болсон.

Тухайлбал, Авто ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон бол эмчилгээний зардал, эм тариа,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал, урт хугацааны асаргаа шаардсан бол асаргааны зардал буюу асран хамгаалах хүний ажлын хөлс, ирээдүйд олох байсан  орлого, эрүүл мэндээрээ хохирсны улмаас үүсэх сэтгэл санааны болон хуулийн туслалцаа, өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж болдог юм байна.

Гэвч өнөөдрийн тухайд хохирогч нэг ч төгрөг авч чадахгүй байгааг зам, тээврийн томоохон ослын хохирогчид гэрчилж байна.

“Ялаа авсан учир нөхөн төлбөр өгөхгүй” гэх нэгэн ч байна

Дээр дурдсанчлан, Тахилтын автозамд 13 настай охин дайруулж амиа алдсан. Талийгаач охины  аав,  ээж буруутай этгээдээс нөхөн төлбөр авах ёстой ч ар гэр, төрөл төрөгсөд нь “Ялаа авчихсан хүнээс юуг нь авах билээ” гэсэн удаатай аж. Харин Хайлаастад болсон зам, тээврийн ослын улмаас 16 настай охиноо алдсан охины ээж өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хохирлоо авч чадаагүй байна. Тэрээр энэ  талаар “168 сая төгрөгийн хохирол тогтоолгосон. Ер нь охиноо алдчихаад, амьдрах урам зориггүй болсон. Өвчин биш, ослоор нас барчихсан учир сэтгэл санааны хохирлоо авахаас өөр аргагүй. Гэвч шүүх хурал болсноос хойш нөхөн төлбөр барагдуулах асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж, чимээгүй болсон. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Буруутай этгээдийн ах дүүс нь “Нэг, нэг сараар нь төлье” гэж ярьсан ч төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Осол гаргасан эмэгтэй хоригдох хугацаандаа ажил хийнэ. Тэгээд сард бага багаар төлнө” гэсэн ч төлөөгүй байна” гэж ярилаа.

Өдөрт 3-4 хүн сэтгэл санаааны хохирол тогтоолгодог байна

Ингэж явсаар сэтгэл санааны хохирлоо авч чадахгүй үлдэх хүн олон байдаг учраас 2023 онд Сэтгэл санааны хохирогчдын холбоо байгуулагджээ. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар яваад, сэтгэл санааны хохирлоо авч чадаагүй иргэд тус холбоонд хандах болжээ. Тэдний нэг бол Тахилтын автозамд амиа алдсан 13 настай охины аав Б.Ууганбаяр юм.

“Осол болсон газрын ойр орчмоор явахаар өр зүрх шимширдэг. Тэр минь амьд байсан бол… гэж бодогдоод. 3 настай хүү маань нэг хэсэг л эгчийгээ хаачив гээд л хаалга руу зүглэдэг байсан. Одоо ч охины минь орон зай дутагдаж, зүүдэнд хүртэл ирдэг дээ. Сэтгэл санааныхаа хохирлыг барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад найдаад явсан ч хоёр ч байцаагч солигдлоо. Шийдэлд хүрсэнгүй. Эцэст нь холбоонд хандлаа” гэв.

Тус холбоог зорин ирсэн хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх зэргээр туслалцаа үзүүлдэг байна. “7 хоногт 2-3 хүн ханддаг. Шийдвэр нь хэрэгжилт муу. Нөхөн олговор олгогдох асуудал орхигдсон. Тиймээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх асуудлыг бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй” гэж Сэтгэл санааны хохирогчдын холбооны тэргүүн С.Баянмөнх онцоллоо.

Шинжээчид өдөрт 3-4 хүнтэй ярилцаж, сэтгэл санааны хохирол тогтоодог байна. Буруутай этгээдэд ял эдлүүлэхээс гадна сэтгэл санааны хохирлыг нь төлүүлэх үүднээс ял эдэлж байх хугацаанд нь хөдөлмөрлөх бололцоогоор хангаж өгөх ёстой. Тиймээс ял эдэлж байх хугацаанд нь сайн дурын хөдөлмөрт хамруулж, тодорхой хэмжээний орлоготой болгож, бусдад учруулсан хохирлоо барагдуулах эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай аж.

Одоогийн байдлаар Монгол Улсад ял эдэлж байгаа этгээдүүдийн 75 орчим хувийг сайн дурын хөдөлмөрт хамруулж, хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх, орлого олох бололцоог нь бүрдүүлж байгаа аж. Үүний үндсэн дээр сэтгэл санааны хохирлыг хурдан төлж барагдуулах боломж нэмэгдэх боломжтой. Сэтгэл санааны хохирол гэдэг бол тухайн хохирогчийг зовлон шаналлаас нь бага ч гэсэн чөлөөлж байгаа явдал юм.

Олон улсад “Хохирлын сан” гэж байдаг. Тэгвэл манай улсад ч энэ жишгийг хэрэгжүүлэхээр судалж байна. Өөрөөр хэлбэл: Төрөөс мөнгийг нь гаргаж, дараа нь гэм буруутай этгээдээс төр мөнгөө гаргаж авах тогтолцоо юм.

Сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг бусад улсын жишгийг авч үзье.

Финланд, Шведэд

Гэм хорын хариуцлагын акт байдаг. Түүнээсээ хохирлыг нөхөн төлүүлэх жишээтэй.

Хувь хүний хохирлын зөвлөх комиссын зөвлөмжөөр бэлгийн мөлжлөг бол 10-30 мянган евро, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг сэтгэл санааны хохирол учруулсан бол 200-500 евро, дотно хүн нь амиа алдсанаас үүдэж сэтгэл санааны хохирол учирсан бол гэх зэргээр нарийвчлан зааж өгдөг аж. Хүүхдээ алдсан бол 2-11 мянган евро, эцэг эхээ алдсан бол 2-15, төрсөн ах дүү бол 2-8 мянган евро олгодог.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Санхүүгийн үйлчилгээний нөхөн төлбөрийн загварыг ашиглах ба тусгай шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр заажээ. Нөхөн төлбөрт зориулсан Нэгдсэн санд хуримтлал үүсгэх хувь хэмжээг тусгайлан заасан байна.

АНУ, Япон зэрэг цөөнгүй улс сэтгэл санааны хохирол барагдуулах сантай. Япон улсын хуулиар хохирогч гурван жилийн дотор шүүхэд хандах эрхтэй . Нөхөн төлбөр нэхэмжлэх хугацаа 20 жил байдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *