Холливудын жүжигчин Жейми Фокс өнгөрсөн жил тархиндаа цус харваснаа ил болгожээ


Холливудын алдарт жүжигчин Жейми Фокс 2023 оны 4 сард ямар шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаараа саяхан Netflix платформд цацагдсан стэндап тоглолтынхоо үеэр ярьсан байна.

Жүжигчин Жейми Фокс “Jamie Foxx: What Had Happened Was…” нэртэй стэндап тоглолтынхоо үеэр тухайн үед тархины судас хагарч, цус алдсанаас үүдэн тархины цус харвалт болсон талаараа үзэгчдэд ярьсан байна. Тэрээр нэг өдөр толгой нь маш их өвдөж, аспирин уух гэж байгаад эмээ ууж амжилгүй шууд нүд нь харанхуйлан, ухаан алдаж унасан бөгөөд тэр өдрөөс хойшхи 20 өдөр юу болж өнгөрснийг огт мэдэхгүй, санахгүй байгаа талаараа ярьжээ.

Хэдийгээр стэндап буюу нэг хүний хошин шог монологийн тоглолт боловч эрүүл мэндийн хүндрэлд орсон талаараа чин сэтгэлийн яриа өрнүүлсэн мөчүүд нь сэтгэл хөдөлгөж, гүнзгий мэдрэмж төрүүлсэн талаар шоуг үзсэн үзэгч, шүүмжлэгчид сэтгэгдлээ бичсэн байна.

Тархиндаа цус харвах үедээ Жейми Фокс 2025 оны эхээр нээгдэх гэж байгаа “Back in Action” хэмээх киноны зураг авалтад оролцож байсан бөгөөд түүнийг ухаан алдсаны дараагаар кино зургийн багийн эмч нар кортизон тариа хийгээд гэрт нь хүргэж, улмаар эгч нь түүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн байна. Атланта хотын Пиедмонт эмнэлгийн эмч жүжигчинг тархиндаа цус харвасныг тогтоож, яаралтай тархины мэс засалд оруулж амийг нь аварсан талаар ярьжээ.

Жүжигчин Жейми Фокс “тухайн үед би урт хонгил харж, их л тийм тайван, сэтгэлийн амар амгалан байдлыг мэдэрч байсан ч ямар нэгэн гэрэл харагдаагүй, дээр нь тэр хонгил маш халуун байсан болохоор би өөрийгөө буруу тийшээ явж байна уу даа хэмээн бодсон” хэмээн тамын талаар бяцхан хошигноод авсан байна.

Мэс засал амжилттай явагдаж, Жейми Фокс 2023 оны 5 сарын 4-ний өдөр ухаан орсон бөгөөд тэр үедээ тэргэнцэр дээр ухаан орж, яагаад тэргэнцэр дээр байгаагаа ойлгохгүй байжээ. Тэрээр алхаж явж чадахгүй байсан ба Чикаго хотын нэгэн эрүүл мэндийн төвд нөхөн сэргээх эмчилгээнд явсан байна.

Түүний мэс засал амжилттай явагдсан хэдий ч цус харваж, тархины хүнд мэс засалд орсон хүний хувьд бүрэн эдгэрэхэд бүтэн жилийн хугацаа шаардагдсан бөгөөд энэ хугацаанд олон нийтэд түүний талаар буруу зөрүү сэтгэгдэл төрүүлэлгүйгээр эрүүл мэндийнх нь асуудлыг чандлан хадгалж чадсан охин Коринн Фокс болон эгч Дейдра Диксон нартаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү мэдээтэй холбоотойгоор тархины цус харвалтын анхны шинж тэмдгүүдийг цухас танилцуулья:

Нүүрний булчин сулрах – инээхэд хүндрэлтэй болох, нэг талын нүүрний арьс унжих

Гар сулрах – хоёр гараа зэрэг өргөж чадахгүй болох, аль нэг гар бадайрч, булчин нь сулрах

Хэл ярианд асуудал үүсэх – үг хэлж ярихад хүндрэлтэй болж зуурах

Бусад шинж тэмдгүүд:

Биеийн аль нэг тал гэнэт бадайран суларч, мэдрэлгүй болох

Нэг болон хоёр нүдний хараа гэнэт муудаж, юм харахаа болих

Юм ярихад гэнэт хүндрэлтэй болж, гацаж түгдрэх, үг өгүүлбэр толгойд орж ирэхгүй байх

Гэнэт ой санамжаа алдаж, ухаан балартах

Гэнэт толгой маш хүчтэй өвдөх

Гэнэт толгой эргэж, тэнцвэргүй болох, явж байгаад гэнэт унах шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй яаралтай түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж авах нь хамгийн зөв алхам юм. Цус харвалт удах тусам тархийг үхжүүлэх аюултай учир цаг алдалгүй түргэн тусламж дуудаарай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *