В.Путинг айлчилсны дараа Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээ хийж эхэлсний учир


 “Нефть байгаа юу? Байхгүй болоод чи хариулж чадахгүй байна” хэмээн ЭЗХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгээс өнөөдөр “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр асуулаа. Евразийн эдийн засгийн холбоотой Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээ хийж буй. Энэ талаар танилцуулахаар ЭЗХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү өнөөдөр МҮХАҮТ-д очлоо. Үйлдвэрлэгчид түүнийг ууртай угтаж, Еврозийн эдийн засгийн холбооноос Монголд оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дунд шатахуун, трактор, комбайн зэрэг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж багтсан эсэхийг асуув.

Евразийн эдийн засгийн холбоо гэдэг нь ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен улс юм. Бүгд өмнө нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс. Монгол бол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд албан ёсоор байгаагүй ч албан бусаар байсан улс. Үүнийг тэд гэнэт санаж, ах дүүс минь хэмээн элгэмсээгүй нь мэдээж. Тэдэнд Монгол Улс хэрэг болсон учир Евразийн эдийн засгийн холбоо гэх нэрээр халхавчлан, сүжирч эхэллээ. Тэдний дэргэд Монгол бол ардчилсан улс. Тэдэнтэй харьцуулбал хамаагүй олон улстай найрсаг харилцаатай. Тиймээс л Монгол тэдэнд хэрэг болсон нь хэн ч харсан илт байна. Юунд юугаараа хэрэг болсноо манай эрх баригчид мэдэж л байгаа. Даанч тэрийгээ ард түмэндээ, үйлдвэрлэгчдэдээ ил хэлж болохгүй байгаа л даа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны 9 дүгээр сарын 2, 3-нд Монголд айлчилсан. “Халхголын дайнд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан” гэж халхавчилсан энэ айлчлалын дараа Монгол Улсыг Олон Улсын Эрүүгийн Шүүх дуудаад байна,  В.Путинг баривчилж өгсөнгүй гэж. Монгол Улс өөрийг нь баривчилж ОУЭШ-д өгөхгүйг Дэлхий дахинд харуулаад тэр толгой гэдгэр буцсан.  

Түүнийг явсны дараа Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээ хийж байна. Энэ нь санамсаргүй хэрэг биш. ЭЗХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн өгсөн мэдээллээр бол энэ хэлэлцээ одоо л яригдаж байгаа асуудал биш аж. Аль эрт эхэлж, МҮХАҮТ-аас саналыг нь авсан, зөвлөлдсөн болж таарав. В.Путиний айлчлалтай зэрэгцэж эхэлсэн үйл явдлыг дотоодын үйлдвэрлэгчдээс, олон нийтийн хяналтаас нууцалж байтал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дэлгэчихсэн болж таарав.

Юу болоод байгааг ухаарсан үйлдвэрлэгчид ҮАБЗ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ-нд уг хэлэлцээг зогсоох эсвэл хойшлуулах шаардлага хүргүүллээ. Монголын хүнсчидийн нэгдсэн холбоо,  Монголын малзүйч, үржүүлэгчдийн үндэсний холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбоо, “Хүнсний хувьсгал” ТББ энэ шаардлагад гарын үсэг зуржээ.

Юунд юугаараа хэрэг болсноо манай эрх баригчид мэдэж л байгаа. Даанч тэрийгээ ард түмэндээ, үйлдвэрлэгчдэдээ ил хэлж болохгүй байгаа л даа.

Үүнд өгч буй ЭЗХЯ-ны тайлбар өөр. ЕЭЗХ-нд Монгол Улс элсэх гээгүй, худалдааны түр хэлэлцээ хийж байгааг тус яам тодотгож байгаа юм. Хэрвээ манай улс тус холбоотой худалдааны түр хэлэлцээрт гарын үсэг зурвал 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй солилцох юм байна. Манай улс одоо ОХУ-аас 1700 гаруй нэр төрлийн бараа оруулж ирдэг бол Монголоос ОХУ руу 490 нэр төрлийн бараа гаргадаг. Тоог нь харсан ч хол зөрүүтэй байна. Хойд хөрштэйгээ хийж буй манай улсын худалдаа хэт тэнцвэргүй. Манай улс хойд хөрштэйгээ наймаа хийх бүртээ алдагдал хүлээдэг. 1993 оноос хойш байнга ийм алдагдалтай худалдаа хийсээр, 2008 онд алдагдлын хэмжээ тэрбумыг давсан. 2024 оны 8 дугаар сарын байдлаар манай улсын худалдааны баланс  -1,577.6 сая ам.долларын алдагдалтай байлаа.

Монголд гадаадаас бараа оруулж ирэхэд, гааль дээр 5%-ийн татвар авдаг. Харин Монголоос ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоо руу бараа гаргахад тэд 15-50%-ийн татвар ногдуулдаг. Энэ мэт шударга бус явдал тус холбоонд нэгдсэнээр үгүй болох гэнэ. Магадгүй л юм. Наанаа тийм юм болж болох ч цаанаа юу болохыг хэн мэдлээ.

Монголын топ аж ахуйн нэгжийн 50 хувийнх нь төлөөлөл өнөөдөр МҮХАҮТ-д цуглаж, ЭЗХЯ-ны танилцуулгыг сонсолгүй, бухимдлаа илэрхийлэв. Тэд гадаадын барааг татваргүй оруулж ирэн, дотоодын үйлдвэрийг боомилж, үндэсний үйлдвэрүүдийг үгүй хийх гэж байна хэмээн эсэргүүцэж байна. Еврозийн эдийн засгийн холбооноос оруулж ирэх барааны дийлэнх нь хүнс. Тэндээс хүнсний бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирвэл энд монголчууд өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх хэрэггүй болно.

Монголоос ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен руу ямар бараа, бүтээгдэхүүн гаргахыг харъя. 29 төрлийн мах, махан бүтээгдэхүүн, 60 нэр төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүн, 204 нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн, 633 нэр төрлийн сүү, цагаан идээ, малын өлөн, тос, чацаргана, төмс үүнд багтжээ. Гаргаж чадвал боломжийн.  

Евразийн эдийн засгийн холбооноос оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дунд Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн байгаа юм билээ л дээ

Гадаадаас оруулж ирсэн гурилаас гаалийн татвар авахыг хавар, сонгуулийн өмнө болиулсан. Түүний шанд тариаланчид өмнөхөөсөө 8.5 мянган га-гаар бага буудай тарьж, тэр хэрээр бага ургац хураагаад байна. Энэ бол ОХУ-аас оруулж ирэх гурилыг татваргүй болгосны гор. Зөвхөн гурилын гаалийн татварыг тэглэхэд ийм юм болж байгаа юм чинь бүхэл бүтэн 375 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэвэл юу болох бол?

Энэ 375 нэр төрлийн барааг бар кодоор нь задалбал 511 нэр төрлийн бүтээгдэхүүн болох юм байна. Үүний 89 нь хүнс, 47 нь эрдэс, химийн шинж чанартай бүтээгдэхүүн бол 181 нь аж үйлдвэрийн зориулалттай, бусад нь бусад бараа. Чухам энэ бусад гэх нэрээр тодорхой хэлэхгүй байгаа бараа анхаарал татаж байгаа юм. Хүнс, хувцас гэх мэтээр хэлчхэж болдоггүй ямар бараа юм бол доо, тэр нь?

Барууны орнууд ОХУ-аас бараа бүтээгдэхүүн авахаа больсон. Беларусь ч ялгаагүй. Барууны хоригт өртсөн улс. Дэлхийн түүхэн дэх хамгийн олон хоригт өртсөн улсаар ОХУ тодроод байгаа. Оросууд Баруунд бараа зарж, ам.доллар авч чадахгүй байгаа гэсэн үг. Хойд хөрш маань валютаар цангаж байна. Оросын барааг Монголд авчирч, шошгыг нь солих бол боломжийн хувилбар. Тэгээд өнгөрвөл ч яах вэ. Хамаа алга. Даанч тэгэхгүй.

Гадаадад зарж чадахгүй байгаа учраас эдгээр улсын бараа дотооддоо хямдхан болсон. Тэр хямд барааг авах нь бидэнд ашигтай мэт боловч дотоодын үйлдвэрүүдээ боомилох урхагтай. 3000 төгрөгөөр орос талх оруулаад ирвэл 3500 төгрөгөөр хэн ч монгол талх авахгүй. Монгол талх зарагдахгүй бол тариаланчид буудай тарьж яах юм. Ганцхан зуны дотор тарих буудайн маань хэмжээг багасгаж чадсан юм чинь 3 жилийн дотор үндэсний үйлдвэрүүдийг маань элгээр нь өлхөн мөлхүүлчихнэ. Тэгвэл өөрсдөө тариа тарьдаггүй, талх хийдэггүй улс байгаад яах юм. Ийм аюул нүүрлээд байна цаана чинь. Учир нь Евразийн эдийн засгийн холбооноос оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дунд Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн байгаа юм билээ л дээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *