АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын ойролцоо дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас тухайн хэсгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Мужийн эрх баригчдын зүгээс мэдээлснээр орон нутгийн цагаар даваа гарагийн үдшийн 22:50 минутын орчимд түймэр асч эхэлсэн бөгөөд маш хурдтай газар аван дэгдсэн түймэр ойр ойрчмынхоо хэд хэдэн байшинг шатаагаад байгаа юм.

Лос Анжелес хотын ойролцоо байрладаг Малибу хот нь урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс амьдардаг гэдгээрээ алдартай ба олон зуун акр газрыг хамран асч байгаа энэхүү ой хээрийн түймрийн улмаас дуучин Лэди Гага, Бейонсе, Jay Z, Шер, жүжигчин Дик Ван Дайк зэрэг олон алдартнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлээд байна. Түймрийг унтраахад 1500 гаруй гал сөнөөгч оролцож, цагтай уралдан ажиллаж байгаа ба түймрийн бүсээс нийт 20 мянган оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Калифорни мужийн Ой хээрийн бүсийг гал түймрээс хамгаалах албанаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр даваа гаригт эхэлсэн түймэр нийт 1092 га газрыг шатаагаад байгаа гэсэн байна. Түймрийн ойр орчмын сургууль цэцэрлэг, албан байгууллагууд болон авто замыг хааж, галын аюулаас хамгаалах зорилгоор тухайн хэсгийн цахилгааныг таслах арга хэмжээг авчээ.
Түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа ч хуурай цаг агаар болон хүчтэй салхитай байгаа нь гал хурдтай газар аван дэгдэхэд хүргэсэн гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
