АНУ-ын хамгийн том хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын компанийн тэргүүний амь насанд халдсан хэргийн сэжигтнээр баригдсан Луижи Манжионе гэгчийн хурууны хээ хэргийн газраас олдсон хурууны хээтэй таарсан талаар цагдаагийн газраас мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк мужийн Манхэттэн дүүргийн Хилтон зочид буудлын гадна UnitedHealthcare даатгалын компанийн захирал Брайн Томпсоныг үл таних этгээд ар нуруунаас нь буудан хороосон хэрэг гарч, улмаар сэжигтэн болох 26 настай Луижи Манжионе-г даваа гаригт Пеннсильвани мужийн Алтуна хотоос баривчилсан юм.
Тэгвэл хэргийн газраас олдсон усны сав болон уургийн жигнэмэгийн уутан дээрх хурууны хээ Луижи Манжионе-гийн хурууны хээтэй таарсан бөгөөд шүүх шинжилгээний шинжээчид түүнийг аллагын хэрэгтэй холбох эхний холбоосыг ийнхүү баталгаажуулаад байна. Дээрх цэвэр ус, жигнэмэг зэргийг сэжигтэн Брайн Томпсоныг гарч ирэхийг хүлээж байхдаа зочид буудлын ойролцоох кофе шопоос худалдаж авсан гэж цагдаа нар үзэж байгаа ажээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр мөн Луижи Манжионе-гийн баригдах үедээ биедээ авч явсан 3D принтерээр хэвлэсэн гар буу нь хэргийн газраас олдсон сумны хонгионуудтай яг таарч байгаа гэнэ.
Түүнчлэн аллагын хэргийн газрын ойролцоо олдсон гар утсан дээрх хурууны хээг мөн шалгаж байгаа, хариу нь хараахан гараагүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Луижи Манжионе-г Пеннсильвани мужид биедээ бүртгэлгүй галт зэвсэг авч явсан хэргээр баривчилж, тус мужийн шоронд лхагва гаригаас эхлэн батлан даалтад гаргалгүй хорьж байгаа бол Манхэттэн дүүргийн прокурорууд түүнийг Брайн Томпсоны аллагын хэргийн үйлдсэн гэх үндэслэлээр Нью-Йорк мужид шилжүүлэн авчрах ажлыг гүйцэтгэсээр байна.
Мөрдөгчид Луижи Манжионе-гийн 2023 оны 7 сарын 4-ний өдөр нуруугаа гэмтээсэн үйл явдлыг эрүүл мэндийн даатгалын компанийн захирлыг буудан хороосон хэрэгтэй холбон судалж байгаа ажээ.
