Агаарын чанарын индекс 800-д хүрвэл хүн үхэх аюултай


“Юу ч наалдахаа байсан” гэдэг шиг утаа яриад ч наалдахаа байлаа. Улаанбаатар хотын утааны асуудал бүр улиг болж, дасан зохицохоос өөр аргагүй сонголтыг бидэнд үлдээв. Эрүүл мэндийн байгууллагаас амьдарч байгаа орчныхоо агаарын бохирдлыг сайтар хараад гэрээсээ гарахыг зөвлөдөг. Гэхдээ гэрээсээ гарахаас өмнө agaar.mn-ээр орж агаарын бохирдлыг хардаг хүн хэр байдаг бол, харсан ч ялгаагүй, хараагүй ч ялгаагүй хаашаа ч гарсан утаа байсаар л байна гэж ярих хүмүүс олон бий.  

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр агаарын бохирдол их нөхцөлд 30 минутын дотор толгой өвдөж 1 цаг 30 минутын дараа ядрах, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг гэж хүмүүст сануулсан байна.

Мөн агаарын чанарын индекс 400-аас дээш байвал толгой өвдөнө. Гурван сарын дараа гэхэд хүний амь насанд аюултай хэмжээнд хүрнэ. Цаашлаад 800-д хүрвэл шууд амь насанд халтай аж. Ийм бохирдолтой нөхцөлд хүн гадаа 2-3 цаг зогсоход ухаан алдаж унах эрсдэл өндөр байдаг байна. Харин Улаанбаатар хот ийм нөхцөлд хүрэхэд тун ойрхон болжээ.

Өнөөдрийн  байдлаар аgaar.mn сайтад мэдээлснээр Баянхошуу, Дамбадаржаа, Толгойт орчим хамгийн их утаатай байна. Агаарын чанарын индексийн харвал Баянхошуунд хамгийн их буюу 411, Хайлаастайд 344 их бохирдолтой, 1-р хороолол, МҮОНРТ, Налайх орчимд бохирдолтой байна. Ийм орчинд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж ДЭМБ-аас зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл чанаргүй агаар нь хүний амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүй, зүрх судасны тогтолцоонд маш их хор хөнөөлтэй. Ингэхээр хүүхдүүд хамгийн том хохирогч болж байгаа юм. Тухайлбал, орон сууцанд амьдардаг хүүхэд болон гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээг тогтоох шинжилгээ хийхэд гэр хорооллын хүүхдийн цуснаас хар тугалга илүү их ялгарсан байдаг. Энэ нь гэр хорооллын хүүхдүүд илүү их аюулд өртөж байгааг харж болно. Судалгааны баг хүүхдүүдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрч байгааг агаарын бохирдолтой холбон дүгнэжээ. Уг нь хүүхдийн цуснаас хар тугалганы агууламж огт илрэх ёсгүй юм. Гэтэл зургаа хүртэлх насны хүүхэд хар тугалганы эрсдэлд илүү өртөмтгий байдаг байна. Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл юм.

  • Хар тугалга ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй
  • Тархины хөгжилд сөрөг нөлөөтэй
  • Сэтгэн бодох чадвар бууруулдаг
  • Сонсголд сөргөөр нөлөөлдөг
  • Хүүхдийн өсөлт
  • Мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгодог
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөөллийг үзүүлдэг байна

Ялангуяа агаарын бохирдол нам газар буюу хүний бүсэлхийнээс доош хэсэгт илүү хоруу чанар нь агуулагддаг. Энэ ч утгаараа Улаанбаатар хотын нөхцөлд бага насны хүүхдийг юу ч болсон газраар бүү алхуул, болж өгвөл бүсэлхийнээс дээшээ тэврээд мөрөн дээрээ суулгаад авч явах нь хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэж төрийн албанд ажилладаг хүн хэлж байсан удаатай.

Мэргэжлийн хүн нь хорт утааны хоруу чанарыг мэдэж захиж байхад дийлэнх хүмүүс хүүхдээ хөтлөөд гадуур алхдаг. Тэгэхээр энэ нь буруу ч байж мэдэх юм. Энд учир бий. Улаанбаатар хотын хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байдаг гэх үзүүлэлт ч бий.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын чанарын индекс 50-аас дээш гарвал агаар чанаргүй буюу хүний биед сөрөг хор нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл бид ийм хор нөлөөтэй орчинд олон жил дуугүй амьдарчээ. Ингэж туйлдаа хүрчхээд байхад хэдэн минут утаанд явбал хэр хэмжээтэй хордож эрүүл мэнд нь эрсдэх талаарх тооцоо судалгаа Монголд алга байна. Энэ тухай эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Манайд ийм судалгаа байхгүй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад мөн л ийм судалгаа байхгүй. Цорын ганц арга маскаа ягштал зүүх л гэнэ. Үүнээс өөр утаанаас сэргийлэх шийдэл байхгүй юм байна. “Өтгөрсөн хар” утаандаа 20 жил угаартлаа. Одоо ядаж маскаас өөр урьдчилан сэргийлэх тооцоо судалгаа хэрэгтэй байна. Ядаж л -20 градусын хүйтэнд 20 минут гадаа зогсвол хөлдөнө гэдэг шиг 20 минут гадаа алхвал ийм хэмжээгээр утаанаас хордох эрсдэлтэй гэдэг тооцоолол иргэдэд хэрэгтэй байна. Тэгж байж гадуур хэдэн минут алхах, хүүхдээ хэдэн минут агаарт байлгах вэ гэдгээ иргэд шийднэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *