Гурван эрэгтэй Diddy-г хүчингийн хэрэгт буруутгажээ


Секс үдэшлэг, бэлгийн хүчирхийлэл гэх зэрэг олон хэрэгт холбогдон буруутгагдаж, Бруклин дүүргийн түр хорих байранд хоригдонгоо шалгуулж байгаа реппер, продюсер Diddy-г ахиад гурван эрэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, гомдол гаргасан байна.

Пүрэв гаригт Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гурван эрэгтэй тус тусдаа гомдол гаргасан бөгөөд 2019-2022 оны хооронд тэдгээр эрэгтэйчүүдэд нойрсуулагчтай уух зүйл өгч, ухаан алдсан үед нь хүчиндсэн хэмээн Diddy-г буруутгаж, түүний эсрэг гомдол мэдүүлжээ. Хохирогч нар өөрсдийгөө Diddy-гийн үдэшлэгт очиж, дээрх хэргийн хохирогч болсон хэмээн батлаж байгаа бол репперын өмгөөлөгч нар энэ төрлийн гомдлуудыг “худал гүтгэлэг” хэмээн нэрлэж байна. 

Diddy-гийн өмгөөлөгчид түүний эсрэг гаргасан бүх гомдлыг хуурамч гэдгийг батлаж, ийм худал хуурмаг гомдол дээр ажилласан ёс зүйгүй хуульчдын эсрэг ажиллах болно гэдгээ мэдэгджээ.

Энэ долоо хоногт ирсэн дээрх 3 гомдол нь Diddy-гийн эсрэг өмнө нь үүсээд байсан 30 иргэний хэрэг дээр нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээр хэргүүдийн ихэнх нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой, хоорондоо төстэй хэргүүд байгаа юм. Цаг хугацааны хувьд 1990-ээд оноос 2022 он хүртэлх хэргүүд байгаа ажээ.

Харин Diddy буюу Шон Комбсын хувьд өөрийнх нь эсрэг үүсгэсэн бүх хэрэгт буруугүй хэмээн няцааж байгаа бөгөөд түүний өмгөөллийн багийн зүгээс ч үйлчлүүлэгчээ ямар ч гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Түүний шүүх хурал 2025 оны 5 сард товлогдсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *