41 настай эмэгтэй согтуудаа хөлдөж нас баржээ
Согтуугаар машин жолоодож, баяр тэмдэглэсний дараа гэртээ харьж чадалгүй амиа алдсан хамгийн ойрын жишээ дурдахад, 12 дугаар сарын 3-нд Булган аймагт 48 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож яваад амиа алдсан бол 4-нд Увс аймагт 41 настай эмэгтэй согтуудаа осгож нас барсан байна. Баяр тэмдэглэж, наргиж цэнгэж болох ч ууж байгаа архиныхаа тунг тааруулах хэрэгтэйг олон жишээнээс бид харсаар байна. Ганцхан өдрийн баяраар ганц олдох амьдралаа сольж, үр хүүхэд, хань ижлээ өнчрүүлэх харамсалтай шүү дээ.
Энэ оны эхний 11 сард Монгол Улсад 6459 гэмт хэрэг согтуугийн балгаар гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.8 хувиар өссөн байна. Архи уугаад арслан бар шиг болдог улс олон. “Гэрт чинь хүргээд өгье”, “Такси дуудаад өгье” гэхэд “Би өөрийнхөө машинаар явна” гээд зөрүүдэлж, осол гэмтэлд орох, хоорондоо зодолдож нэгнийгээ гэмтээх тохиолдол ч гарсаар байгааг цагдаагийнхан анхааруулж байв. Архи олдох ч амьдрал, амь үрэгдэх эрсдэлтэйг дор бүрнээ санаж, тааруулж уугаад, такси аваад харих хэрэгтэй болов уу?
Гудманд хэвтэх хэн нэгэнд тусламж хүргэж байгаарай
12 дугаар сард олон жилийн дунджаас илүү хүйтэн байна гэж цаг-уурчид анхааруулж байна. Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон суманд -42 градус хүрч хоносон нь одоохондоо энэ өвлийн хамгийн хүйтэн температураар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот орчимд шөнөдөө 19-22 градус хүйтэн хонож байгаа гэх цаг агаарын мэдээ байна. Ийм хэмжээний хүйтэнд хүн ухаангүй 20 минут болоход осгодог гэдгийг эмч, онцгой байдлынхан анхааруулсаар.
Манайхан гудамжинд хүн хэвтэж байвал тоохгүй өнгөрдөг зантай. Дулааны улиралд гадаа хүмүүс согтуу унтах нь зүгээр өнгөрч болох хэрэг ч хүйтний эрч чангарсан энэ үед тийм хүн таарвал цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгч байгаарай. Таван минутын өмнө өгсөн дуудлага тэр хүний амь насыг аврах алтан боломж ч байж болно.
Баяр дууссаны дараа ажилчдаа хүргэж өгдөг болбол…
Шинэ жил зохион байгуулж буй албан газрууд, баяр дууссаны дараа ажилчдаа ар гэрт нь хүлээлгэж өгдөг болчихвол, согтсон нэгнийгээ гэрийнх нь хаалгаар оруулаад буцдаг болбол амь насыг нь аварч байгаа хэрэг шүү дээ. Жил болгоны Шинэ жилийн баярын дараа гэмт хэрэг, осголт хөлдөлт, нас баралт ихэсдэг. Жил болгон л ЦЕГ, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар сэрэмжлүүлдэг. Гэсэн хэдий ч өнөөх архины хэтийдсэн хэрэглээ, осголт, үхэл хэвээр байна. Тааруулж ууя, тараад харъя гээд уриатай болмоор юм уу даа, улсаараа.