АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден энэ долоо хоногийн дундуур хөнгөн хэрэг үйлдсэн 39 иргэнд Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж, 1500 орчим хоригдлын ялыг хөнгөрүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Цагаан ордны зүгээс түүний энэхүү үйлдлийг нэг өдрийн дотор хамгийн олон хүнд энэрэнгүй хандаж, ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэн цагаатгасан хэрэг явдал болсныг онцолжээ. Үүний өмнөхөн ерөнхийлөгч Ж.Байден өөрийн төрсөн хүү Хантер Байденд өршөөл үзүүлснээр хоёр эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод байсан хүү нь цагаадсан юм.
Удахгүй төрийн эрх мэдлийг шилжүүлж, албанаасаа буух гэж байгаа Ж.Байден үлдсэн хугацаандаа амжиж олон ажлыг хийж байгаагийн нэг нь энэхүү ерөнхийлөгчийн өршөөл байлаа. Тэрээр энэхүү шийдвэрээ танилцуулахдаа дээрх ялтнууд “сахилга баттай сайн хүмүүжиж, нийгэм олон нийтийн төлөө зүтгэж чадна гэдгээ батлан харуулсан учраас тэдэнд өршөөл үзүүллээ” хэмээн хэлсэн байна.
Цагаан Ордны зүгээс ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн хүмүүсийн нэрс болон тэдний үйлдсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийгээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өршөөл үзүүлсэн хэд хэдэн хүн хэдийнээ суллагдан гарсан бөгөөд тэдний ихэнх нь ахмад дайчид байсан гэнэ. Харин ялын хэмжээг нь хөнгөрүүлсэн 1499 хүний тухайд гэвэл коронавирусийн цар тахлын хөл хорионы дүрмийг зөрчиж, гэрийн хорионд орсон хүмүүс болон мөн одоо шинэчлэгдэж өөр зохицуулалттай болсон хуучин хуулийн дагуу ял шийтгэл авсан хүмүүс багтжээ.
Ирэх оны 1 сарын 20-нд тангараг өргөж, албандаа орох Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаандаа нийт 143 өршөөл болон 94 ял хөнгөлөх шийдвэрийг гаргаж байсан байна. Мөн түүнийг дэмжигчид 2021 оны 1 сарын 6-ны өдөр Капитолын ордон руу дайран орсон хэрэг явдалтай холбоотойгоор ял авсан хүмүүст өршөөл үзүүлэх үү гэсэн Time сэтгүүлийн асуултанд тэрээр “ноцтой, хүнд хэрэг үйлдээгүй хүмүүст өршөөл үзүүлэх нь зөв, тэдний ихэнх нь торны цаана суух ёсгүй хүмүүс, тэд хангалттай их зовлон амссан” хэмээн пүрэв гаригт хариулсан байна.