Манай Засгийн Газар яг л мөрийтэй тоглоомчин шиг


Манай Засгийн Газар хэнд юу зарахаа тооцож, зарах бараагаа бэлтгээгүй байж чөлөөт худалдааны гэрээ гэх тоглоомд харанхуй орон, хамаг байдгаараа хохирсоор байна. Яг л мөрийтэй тоглоомчин шиг. Өмнө нь Европын холбоо, Японтой ийм тоглоом тоглосон. Хожигдсон. Одоо Евразийн эдийн засгийн холбоотой тоглох гээд тогтож сууж ядаж байна. Дараа нь БНСУ-тай тоглох юм гэнэ. Алдаж ханадаггүй, биеэ татаж авч чаддаггүй, донтсон мөрийтэй тоглоомчин шиг. 

Бид чөлөөт худалдааны гэрээ байгуулж үзээгүй биш, ямар. Япон улстай 2015 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж, 2016 оноос мөрдөж эхэлсэн. Энэ хэлэлцээрийн хүрээнд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Монгол Улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифын заримыг чөлөөлж, нөгөө хэсгийг нь үе шаттайгаар бууруулсан. Тэгээд бид юунд хүрэв, юу хожив? Эргээд харахад хожих нь байтугай алджээ. Тухайн үед монголчууд “Япон бол Дэлхийд эдийн засгийн цар хүрээгээрээ 3-т ордог улс. Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулчихвал, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ Японд аваачиж зараад, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, валют олж ирэх боломж байна” хэмээн сурталдаж байлаа. Тэгээд аль вэ. Үндэсний үйлдвэрлэл хөгжив үү. Олсон ашиг хэд вэ. Хэр валют оруулж ирсэн бэ гээд хартал юу ч алга. Бид юу ч олсонгүй.

Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй нь бидэнд дээр байж дээ

Япон улстай хийсэн худалдаа манай улсад байнга алдагдалтай байсаар ирлээ. ГЕГ-ын мэдээллээр 2015 онд манай улс Япон руу 20 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргаж байсан бол 2023 оны эцэст 14 сая болж багасчээ. Юун ашиг олох. Харин ч алдчихаж. Гэрээ байгуулаагүй байх үедээ экспортолж байснаас ч бага барааг бид одоо тус улс руу гаргаж байна. Тэгвэл Японоос 2015 онд 274 сая ам.долларын бүтээгдэхүүнийг манай улс оруулж ирж байсан бол 2023 онд 716 сая болж нэмэгджээ. Тэд хожсон байна. Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй нь бидэнд дээр байж дээ. 

2015 онд манай улс Японтой хийх худалдаанаас 254 сая ам.долларын алдагдал хүлээсэн бол одоо 702 сая ам.долларын алдагдалтай наймаа хийж байна. Чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй байх үеийн алдагдал гэрээ байгуулснаас хойш улам нэмэгдсэн байгаа биз.

Яагаад ийм юм болов гээд судалж үзвэл бид юу ч үйлдвэрлэдэггүйд хамаг учир байгаа болж таарав. Юу ч үйлдвэрлэдэггүй юм чинь юугаа зарах юм бэ? Зарах бараагүй байж яагаад чөлөөт худалдааны гэрээ байгуулав? Монголын Засгийн газар үүн дээр яг л мөрийтэй тоглоомчин шиг хандаж, “Ашиг олж л таарна” гээд тоглоомын ширээний ард суучихжээ.

Монгол дахь Японы худалдааны танхимын ерөнхийлөгч А.Мөнхтуг “Эдийн засгийн хэлэлцээрийн үр дүнг бүрэн ашиглахын тулд бид эхлээд үйлдвэрлэгч болох ёстой. Японы зах зээлд нэвтрэхийн тулд тууштай ажиллахгүй байна. Эхний бэрхшээл гарч ирэнгүүт зогсчихдог” гэж Монгол, Японы олон улсын бизнес, инновацын форумын үеэр шүүмжилсэн юм. Үнэн ажээ. Японы стандартыг Монголынхтой харьцуулах аргагүй. Тэдний стандартын шаардлага маш өндөр. Тиймээс ч япон бараа чанартай. Тэрхүү стандартын шаардлагыг нь монголчууд хангаж чаддаггүй юм байна. Тэгээд л цөөн нэрийн багахан бараагаа Япон руу гаргаж чаддаггүй аж.

Яагаад ийм юм болов гээд судалж үзвэл бид юу ч үйлдвэрлэдэггүйд хамаг учир байгаа болж таарав

Үүнээс гадна Япон руу бүтээгдэхүүнээ татваргүй эсвэл татварын хөнгөлөлттэй гаргахын тулд тухайн барааны нийт орцын 70%-ийг Монголд үйлдвэрлэсэн байх ёстой. Гэтэл бид ноос, ноолуур, арьс ширээ эс тооцвол бусад материалаа гадаадаас авчирч, Монголд эвлүүлээд, түүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Хувцас гэхэд даавуу, торго, товч, утас, цахилгаан гээд бүх материал нь гадаадынх. Оёдлын зүүгээ хүртэл гадаадаас авдаг. Монголд монгол хүн оёсон нь л үнэн юм даа. Иймээс Японы шаардлагыг хангадаггүй.

Ингэж гадаадын материалаар бий болгосон бүтээгдэхүүн дээр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадахыг тэд зөвшөөрөөгүй. АНУ, Энэтхэг, Европын холбоо гэх мэт Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй улсаас түүхий эд авчран, Монголд боловсруулсан байж болно. Гэвч өөрсдийнхөө түүхий эдийг боловсруулж чаддаггүй бид бусдын түүхий эдийг авчирч  боловсруулна ч гэж юу байх билээ.

Үүнийг ч япончууд айхтар тооцож, гэрээндээ тусгасан байгаа юм. Юу ч үйлдвэрлэдэггүй, бүгдийг бусдаас авдаг улсыг ийм ганцхан заалтаар дэгээдэн унагаж, чөлөөт худалдааны гэрээгээ өөрсдөдөө л ашигтай хийхээ тэд мэдэлгүй дээ. Тэгэхээр оёдлын компани бүтээгдэхүүнээ Япон руу гаргая гэвэл татвар төлөх ёстой болно. Чөлөөт худалдааны гэрээ ийм бараанд үйлчлэхгүй.

Монголоос Японд татваргүйгээр аваачиж зардаг бараа нь арьсан цүнх төдийхөн. Биднийг бодвол дулаан газарт амьдардаг тэдэнд ноос, ноолуур хэрэггүй. Тийм юм худалдаж авдаг ч үгүй. Арьсан эдлэлийн бизнесийг монголчууд гэхээсээ япончууд өөрсдөө хийдэг. Монголд компани байгуулж, монгол хүн ажиллуулаад, арьсан эдлэл үйлдвэрлэж, Японд татваргүйгээр аваачиж зардаг япон хүн нэлээд бий. Ингээд харвал Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээг монголчууд биш, япончууд ашиглан, бизнес хийж, ашиг олж байна. Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээ Монгол Улсад, монголчуудад ямар ч ашиггүй, харин ч алдагдалтай, Япон улс, япон хүнд ашигтай болсон байгаа биз.

9 жилийн өмнө байгуулсан энэ гэрээнээсээ сургамж авдаггүй яасан ч улс юм, Монгол. Архичин шартаж, мөрийтэй тоглоомчин алдаж хандаггүй. Манай Засгийн Газар яах аргагүй мөрийтэй тоглоод байна.


One response to “Манай Засгийн Газар яг л мөрийтэй тоглоомчин шиг”

  1. Мөрийтэй тоглоомчин гэхэд нэр нь гоёдож байна.тэд зүгээр л эргүүтэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *