“Агаарын бохирдол, Улаанбаатарын утаанаас шалтгаалан, толгой өвдөж, дотор эвгүй оргин, хоолой хорсож байна” гэж олон хүн сүүлийн өдрүүдэд ярих болов. Томчууд ингэж зовуурилж байхад хүүхэд багачууд ханиад, хатгаа хүрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүй байх нь ойлгомжтой. Өвөл дуусахад, хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсон байх бол гэж бодохоор л айдас хүрмээр.
Нэг эмнэлгийн эмч “8 хүртэлх насны хүүхдийг өвлийн улиралд гэрээс огт битгий гарга. Гаргах л юм бол амьсгалын замын өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс хүүхдүүдийг өвтгөхгүйн тулд гэрт нь сайн асарч, торд” гэв. Тэгвэл Монголд 8 хүртэлх насны хэдэн хүүхэд байгаа билээ. Улсын хэмжээнд 1400 гаруй цэцэрлэгт 292 мянган хүүхэд хамрагддаг. Үүн дээр 1-2 дугаар ангийн сурагчдыг нэмбэл 400 мянга орчим хүүхэд байна. Энэ олон хүүхдийг өвөл ханиад томуунаас сэргийлэх гээд гэрээс нь гаргахгүй байх боломж мэдээж байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан хүүхдийн эрүүл мэндийг бодон, ингэж зөвлөж байгаа ч нийгэм өөрөө хүүхдүүдийг гэрээс нь гаргаж байна.
Нэг хүүхэд гэртээ үлдлээ гэхэд аав, ээжийн аль нэг нь ажилгүй болно. Ажилтайгаа үлдэхийн тулд, амьдрахын тулд хүүхдээ өвтгөөд ч хамаагүй цэцэрлэгт нь явуулж буй ээж аав олон бий. Утаа, ханиад томуу их байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан үнэхээр чадах чинээгээрээ хичээн ажиллаж байгаа. Сүүлдээ хүний амьдралд нийцэхгүй зөвлөгөө өгч байгаагаа ч тэд хүлээн зөвшөөрөв. Жишээ нь: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тасгийн эмч Ц.Дэлгэржаргал “Хүүхдийг цэвэр агаарт гарга гэж зөвлөдөг ч өгч байгаа зөвлөгөө маань амьдралд нийцэхгүй байна. Цэвэр агаарт гар гэхээр хаана гаргах юм. Хүүхэд бүрийг хөдөө гар гэж хэлж чадахгүй шүү дээ” хэмээн МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр ярьжээ. Энэ бол үнэн. Эмч нар сүүлдээ аргаа барж байгаагийн нэг жишээ нь энэ.
Дээхнэ үед “Цэвэр усыг савлаж зардаг болно” гэхэд хүмүүс шоолж инээлдэж байсан гэдэг. Тэгвэл ирээдүйд Улаанбаатарт цэвэр агаарыг битүүмжлээд зардаг болно гэвэл та итгэх үү? Олон улсад цэвэр агаар савлаж зардаг бизнес бий. Түүн шиг цэвэр агаар савлаж зарвал Улаанбаатарт зах зээл бэлэн байна. Авъя гээд ч савласан агаар байхгүй ч Улаанбаатараас холдоход л үнэгүй бий.
Улаанбаатар хотоос хааш хаашаа 40-50 км гарч байж, агаар цэвэр болдог. Цэвэр агаарт гарахад нэг гэр бүл хэдий хэмжээний зардал гаргаж байгааг тооцоолж үзье. 4 ам бүлтэй гэр бүл, өдөртөө буюу 4-5 цаг цэвэр агаарт гарахад доорх зардал гарахаар байна.
Шатахуун 20.000-50.000 төгрөг
Гэр, байшин хөлслөх 150.000-300.000 төгрөг
Ус, ундаа, амттан 30.000 төрөг
Өдрийн хоол 4 хүн 56.000 төгрөг
Цэвэр агаар амьсгалахад дунджаар 256-436 мянган төгрөг зарцуулж байна. Ердөө хагас өдрийг гэр бүлээрээ цэнгэг агаарт өнгөрүүлэхэд, цэвэр агаарын өртөг 400 мянган төгрөгтэй тэнцэж байна гэж ойлгож болно. Энэ нь зарим хүний сарын цалингийн тал хувьтай тэнцэх дүн юм. Одоогоор Монгол Улсад савласан цэвэр агаар байхгүй ч цэвэр агаар амьсгалахын тулд хүмүүс энэ мэтчилэн цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулж байна. Цаашид улаанбаатарчууд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд цэвэр агаар савлаж зардаг болох вий? Ер нь Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс цэнгэг агаар гэдэг үгийг ч мартлаа. Хамгийн сүүлд хэзээ энэ үгийг сонссоноо мартаж орхиж