АНУ-ын Висконсин мужийн Христийн шашны хувийн сургуульд 17 настай охин тус сургуулийн багш болон сурагчийг буудан хороосон хэрэг гарсан байна.
Хэргийг үйлдсэн өсвөр насны охин мөн тухайн сургуулийн сурагч байсан бөгөөд цагдаа нарыг сургууль дээрх халдлагын талаар дуудлага аваад очиход сэжигтэн үхсэн байдалтай олдсон байна. Цагдаа нарын зүгээс нэг ч удаа гал нээгээгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн хэргийн газраас гар буу олдсон талаар мэдээлсэн байна.
“Abundant Life Christian School” хэмээх шашны сургуулийн байранд галт зэвсгээр үйлдэгдсэн дээрх халдлагын улмаас нийт 3 хүн амиа алдаж, 6 сурагч шархдсаны 2-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Мөн цагдаагийн байгууллагаас хохирогчид, шархдсан сурагч нар болон хэргийн сэжигтний хэн болох талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Сурагч охины халдлага үйлдэх болсон сэдэл, шалтгаан тодорхойгүй байгаа ба охины гэр бүлийнхэн мөрдлөгийн ажилд хамтран оролцож байгаа ажээ.
Цэцэрлэг болон бүх шатны ерөнхий боловсролын сургуулийг багтаасан уг шашны сургуульд 400 орчим хүүхэд, сурагчид суралцдаг байна.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден уг халдлагын хэргийг “цочирдмоор, ой тойнд багтамгүй” гээд, “манай улсын сурагч хүүхэд багачууд хэрхэн халдлагаас нуугдаж, хоргодох биш, харин уншиж бичиж л сурах ёстой юм” хэмээн хэлж, галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль тогтоолуудыг чангатгах арга хэмжээг яаралтай авахыг Конгресст уриалжээ.
АНУ-д галт зэвсгээр үйлдэгддэг хэргүүд нийтлэг гардаг бөгөөд сургуулийн орчинд үйлдэгдэх халдлага ч зогсохгүй байна. “K-12 Violence Project” хэмээх ашгийн бус судалгааны байгууллагаас мэдээлснээр 2024 онд сургуулийн орчинд үйлдэгдсэн галт зэвсэгтэй холбоотой 300 гаруй хэрэг бүртгэгдсэн бол EducationWeek хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр энэ жил Америкт сургуулийн орчинд галт зэвсгээр үйлдэгдсэн 38 хэрэгт хүний амь үрэгдэж, шархдсан бөгөөд даваа гаригийн халдлагын хохирогчдыг оролцуулаад 2024 онд сургуульд үйлдэгдсэн галт зэвсгийн халдлагын улмаас нийт 18 хүн амь үрэгдээд байна.
Америкт сургуулийн орчинд галт зэвсгээр үйлдэгддэг халдлагын дийлэнхийг 20-иос доош насны эрэгтэйчүүд үйлддэг бол өсвөр насны охид энэ төрлийн халдлага үйлдэх нь ховор байдаг ажээ.