Өвлийн их ачааллаас урьтаж, эрчим хүчний салбарын суурилагдсан чадлыг 200 МВт-аар нэмсэн юм сан. Тэгсэн ч тог таслахаас сэргийлж чадсангүй. Улаанбаатарын оршин суугчдыг энэ өвөл гэрэлтэй, дулаан өвөлжүүлнэ хэмээн хотын иргэд, даргатайгаа хамт “Бодь групп”-т ихээхэн найдаж байсан ч талаар болох шинжтэй. “Бодь групп”-ийн охин компани “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, дулааны цахилгаан станц барьж, 10 дугаар сарын 5-нд 150 МВт-ын эхний блокоо ашиглалтад оруулсан юм. Гэвч тус станцад 11 дүгээр сарын 17-нд осол гарч, нүүрс татах туузан дамжуулгын С6 хэсэгт гал гарав.
Уг станцыг барьсан “Синостийл” компанийн инженер, техникийн ажилтнууд гэмтлийг засаж байгаа ч дуусаагүй байна. 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэвийн ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн ч хугацаанаасаа хожимдож байна. Ажиллаж эхлээд сар л болж байгаа цоо шинэ станцад осол гарч байгаа юм чинь хуучнууд нь яах бол. Айж л байна шүү.
БНХАУ-ын ТБЕА компанийн Дорнод аймгийн төвд барьсан ДЦС харин тэрүүхэндээ нэмэр болж байх шиг. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж, энэ оны 6-р сарын 6-нд нээлтээ хийсэн. “Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-иас цахилгаанаа авдаг хэрэглэгчид энэ өвлөөс санаа амар байх магадлалтай. Бусад нь ч дээ. Ялангуяа төвийн бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчид хэцүүхэн байна. Ээлж дараалан цахилгаанаа таслуулна. Ядахад хэзээ таслахыг бүү мэд. “Та нар хэр их цахилгаан хэрэглэхийг бид мэдэхгүй” гээд Диспетчерийн үндэсний төв ам таглав.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нондин барьсан 80 МВт-ын батерей хураагуурын станц оройдоо 40-50 мянган айлыг цахилгаанаар хангаж байна. Энэ станцыг бариагүй бол нэмээд 50 мянган айл лаатай өвөлжих байлаа. Одоо нийслэлийн Багануур дүүргийн I хороонд “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн, 5 га талбайд барьж буй 50 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцад ихээхэн найдлага тавьж байна. Үүнийг 11-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар товлосон ч бас л хугацаандаа амжсангүй.
Энэ станц ажиллаж эхэллээ ч тог таслахгүй байхад тус болохгүй л дээ. Эрчим хүчний яамны тооцоогоор энэ өвөл оргил ачааллыг давахад 70-80 МВт цахилгаан дутагдах нь. Тэгэхээр Багануурын батерей станцыг ажиллуулаад, цаана нь 20-30 МВт дутна. Тэгэхээр бид тогны хязгаарлалттайгаа, лааны гэрэлтэйгээ энэ өвлийг барах нь тодорхой байна.
Улс нь ийм байхад Шадар сайд Т.Доржханд гадаадад цахилгаан экспортлох тухай ярьж, ард түмний дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн дээ. Тэр ингэж мөрөөдөж байгаа анхны сайд биш. Сүүлчийнх ч биш байж магадгүй.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Монголоос Хятад руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татахаар төлөвлөсөн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч тэр мөрөөдлийг нь хуваалцсан. Уг станцын цогцолборыг барих судалгаа, ТЭЗҮ ч бэлэн болсон. Гэвч тэр ажил цаасан дээрээ үлдсэн дээ.
“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Улаанбаатар хотод 2019 оны 3-р сард болсон юм. Эрчим хүчний яам тухайн үед “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” судалгааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн. Энэ бол том мөрөөдөл.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Ф.Ломмен “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхыг хөгжүүлснээр Зүүн хойд Азийн бүс нутгийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах боломжтой болно. Учир нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ялангуяа Нар болон салхины эрчим хүчээр дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахын сацуу бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээний 25%-ийг хангах боломжтой” гэж мэдэгдэж байв.
Боломжийн хувьд боломжтой. Харин боломжийг ашиглах гэдэг өөр асуудал. Манай улсын төр, засгийн эрхийг барьж ирсэн 15 толгойтой атгаалжин хар мангас ямар ч боломжийг ашиглаж чаддаггүй. 1 толгой нь үг хэлэхэд, нөгөө толгой нь эсэргүүцэж, 3 дахь толгой тэс өөр юм ярьдаг.
Шадар сайд минь гадаадад цахилгаан гаргах тухай лааны гэрэлд ярихаа больж, Төв аймгийн Баян суманд барьж эхэлсэн 660 МВт-ын ДЦС-аа түргэвчлүүлэх, Тавантолгой, Багануурт цахилгаан станц барьж эхлэхээ бодно уу даа
Дэлхийн эрчим хүчний 37%-ийг Зүүн хойд Азийн улсууд хэрэглэдэг. Ийм том зах зээл хаяанд байна. Тийшээ хараад манай үе үеийн эрх баригчид, Эрчим хүчний сайд нар гадаадад цахилгаан гаргаж, асар их мөнгө олохыг мөрөөдөж ирлээ. Мөрөөдөж болно оо. Гэхдээ мөрөөдөөд суугаад байж болохгүй. Биднийг мөрөөдөж суух хойгуур БНСУ, БНХАУ, ОХУ, Япон улс дотроо эрчим хүчний бие даасан супер сүлжээ байгуулан, газар нутгаа сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээр хэрж байна. Монгол, Хойд Солонгос хоёр л мөрөөдсөөр хоцорлоо.
Ийм байтлаа цахилгаан экспортлох мөрөөдлөө ярьсаар… Лааны гэрэлд шүү. Мөрөөдөлд ч хязгаар хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө хийхгүй бол хөлгүй болохын цондон.
АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн судалгаагаар Дэлхийн цахилгааны нийт хэрэглээний ¼-ийг Монгол Улс хангах боломжтойг тогтоосон байдаг. Магадгүй. Гэхдээ бид Дэлхийг байтугай өөрийгөө яая гэж байна. Юун Дэлхий, юун Зүүн хойд Ази. УИХ 2015 онд “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого” батлан, 2030 он хүртэл эрчим хүчнийхээ дотоод хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүчээ экспортлох зорилт тавьсан. 2030 он болоход 5 жил үлдлээ. Бид тоггүй, лаатай сууж байна. Энэ янзаараа бидэнд эсгий гутал, нэхий дах хэрэг болох янзтай.
Тэгэхээр Шадар сайд минь гадаадад цахилгаан гаргах тухай лааны гэрэлд ярихаа больж, Төв аймгийн Баян суманд барьж эхэлсэн 660 МВт-ын ДЦС-аа түргэвчлүүлэх, Тавантолгой, Багануурт цахилгаан станц барьж эхлэхээ бодно уу даа.